БАРИМТ 1
Монгол Улсын Их Хурлын гишүүн Тилеуханы Аубакир. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 10 жилийн дунд сургуулийг 1992 онд төгссөн. “Отгонтэнгэр” дээд сургууль, олон улсын эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн.
БАРИМТ 2
Герман, Орос хэлтэй.
БАРИМТ 3
Тэрбээр газар тариалангийн салбарт 20 гаруй жил ажиллласан туршлагатай тариаланч. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ тариа” ХХК-ийн дэд захирал, “Тариан цацал” ХХК-ийн захирал гэх мэт тариалангийн салбараас ажлын гараагаа эхэлжээ.
БАРИМТ 4
Түүний аав Тилеухан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын уугуул ч Сэлэнгэ аймгийг зорин насаараа улаанбуудай тариалжээ. Тиймдээ ч Т.Аубакир ааваасаа газар тариалангийн ажлыг өвлөж "Тариан цацал" ХХК-ийг хариуцсан.
БАРИМТ 5
"Тариан цацал” ХХК нь 1996 оноос хойш газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, нийт талбайн 80 хувьд улаанбуудайг тарьж ирсэн. Өдгөө агротехникийн хөгжлийг дагаж, рапс буюу тосны ургамлыг сэлгээндээ тариалж эхэлжээ.
БАРИМТ 6
2020 онд түүний компани Улсын аварга тариаланч хамт олноор шалгарч байв.
БАРИМТ 7
Ингэж явсаар гаальтай холбогдсон. Гаалийн Ерөнхий газарт гурван жил ажилласан туршлагатай. Харин дараа нь Буянт-Ухаа дахь гаалийн газрын орлогч даргаар 2017-2019 онуудад ажилласан.
БАРИМТ 8
Т. Аубакир МАН-ын гишүүнээр нэлээд эрт элсэж, 2008-2015 он хүртэл Баян-Өлгийн аймгийн НАМЗХ-г даргалсан.
БАРИМТ 9
2016 онд түүнийг Хүнс хөдөө аж ахуйн сайдад нэрийг нь дэвшүүлж, намын Удирдах зөвлөл нь дэмжсэн. Гэвч АТГ-аас ирүүлсэн тайлбараар Т.Аубакир нь хувьдаа компанитай байсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй гэх анхааруулгыг өгсөн нь буцаах шалтгаан болж байлаа. Ингээд түүний оронд Ж.Сауле тус яамны дэд сайд болсон.
БАРИМТ 10
Харин 2020 оны УИХ-ын сонгуульд Т.Аубакир сонгогдож УИХ-ын гишүүн болсон.
БАРИМТ 11
Тухайлбал, намын Бага хурлаар УИХ-ын гишүүн Х.Баделхан, УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Баян-Өлгийн Засаг дарга нар хуйвалдаж, Ж.Саулегийн нэрийг хасуулж, Т.Аубакирыг нэр дэвшүүлсэн хэмээдэг.
БАРИМТ 12
УИХ-ын гишүүн Т.Аубакир УИХ-аар хэлэлцэж байгаа асуудал бүртэй зууралдаад байдаггүй ч хөдөө аж ахуйтай холбоотой аливаа асуудалд дуугүй өнгөрнө гэж үгүй. 20 гаруй жил энэ салбарт ажилласан хүн учир тэгэх нь аргагүй л болов уу.
БАРИМТ 13
Тэрбээр УИХ-ын гурван байнгын хороо, хоёр дэд хорооны гишүүнээр харъяалагддаг.
БАРИМТ 14
Т.Аубакир Баян-Өлгий аймгийн залуучуудын элч юм.
БАРИМТ 15
Түүний “Монголоор цэвэр ярих ёстой гэдэг нь хүчирхийлэл” гэх утга бүхий ярилцлага нь олон нийтэд хүрсэн. Үүгээрээ олны анхааралд өртсөн улстөрч гэхэд хэлсдэхгүй биз ээ.
БАРИМТ 16
Тэрбээр ХОМ-тээ орон сууц, машин,үнэт эдлэл, хувьцаа эзэмшигч компаниа мэдүүлээгүй. Гэхдээ 4.6 тэрбумын авлагатай аж.
БАРИМТ 17
Тэрбээр гишүүн хамаатнуудтай. УИХ-ын гишүүн асан Г.Солтаны төрсөн ахынх нь хүүхэд гэж явдаг бол Х.Баделхан гишүүний эгчийнх нь хүүхэд.
БАРИМТ 18
Ганц үүгээр зогсохгүй тус аймгийн төрийн бүхий л шатны байгууллагад УИХ-ын гишүүн Х.Баделхан, Т.Аубакир нар өөрийн ах дүү, хамаатан саднаа томилуулж "ургийн мод"-оо цэцэглүүлсэн байдаг. Тухайлбал, Т.Аубакир нь тус аймгийн Халамжийн газрын даргад өөрийн хамаатны хүүхэд Х.Амир гэх залууг томилуулахаар зүтгүүлж эхэлжээ. Тодруулбал, "Х.Амирыг Баян-Өлгий аймгийн Халамжийн газрын даргаар томилуулж өгнө үү, дэмжинэ үү" гэсэн утгатай бичгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад хүргүүлсэн байдаг.
БАРИМТ 19
Түүний охин Даяана Аубакир овгоосоо татгалзсан. Уг мэдээ нийгэмд багагүй сенсаац тарьсан. Охин Даяана хэлэхдээ "Миний бие Аубакир гэдэг овогоос албан ёсоор татгалзах шийдвэрийг гаргалаа. Би эцгийхээ талд өсөөгүй учир надад бараг л танихгүй хүмүүс шиг санагддаг гэхэд болно. Одооноос би хэний ч хүүхэд биш, надтай зөвхөн Даяана болохоор минь хүн шиг харьцаж байхыг хүсэж байна” гэжээ.
БАРИМТ 20
Нийслэлийн прокурорын газраас хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Уг хэргийн талаар "газар усны нэр өөрчлөөгүй, шинээр нэр өгсөн гэдгийг ойлгоорой" гэсэн байдаг.
БАРИМТ 21
Мөн тухайн үед Т.Аубакир гишүүн Д.Нацагдоржийн шүлгийг уншиж, Монгол хэлийг хүндэлж байгаа шиг та ч бас казак хэлийг хүндлэх ёстой гэсэн нь олны эгдүүцлийг төрүүлээд амжсан.
БАРИМТ 22
Түүний өөрийн орлого 134 сая бол гэр бүлийн орлого нь 2.2 сая төгрөг аж.
БАРИМТ 23
Тэрбээр Чөлөөт бүсийн тухай хууль өргөн барьж батлуулсан. Харин Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай өргөн барьсан хууль нь дахин хэлэлцүүлэгт буцаагдсан байдаг.
БАРИМТ 24
2024 оны УИХ-ын сонгуульд Баян-Өлгий аймаг нэг тойрог болон сонгуульд өрсөлдөнө. Энэ тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Т.Аубакир нэр дэвшихээр зэхэж буй аж.
Сэтгэгдэл (2)