Өнгөрсөн амралтын өдрүүдэд Италийн хойд хэсэгт орших Аоста хөндий дэх орхигдсон сүмээс цусанд будагдсан цогцос олдсон нь 22 настай Франц эмэгтэйнх байв. Тэр тикток дээр сүнстэй байж болзошгүй газруудаар явж буй бичлэгээ байршуулдаг нэгэн байв. Энэ үйл явдал ч түүний уг сонирхолтой нь шууд холбоотой гэж цагдаа нар мэдэгдээд байна.
Учир нь тэр амьдарч байсан Лионы ойролцоох тосгоноос явахаасаа өмнө гэр бүлийнхэндээ төлөвлөгөөнийхөө талаар ярьсан гэж Ла Салле хотын цагдаагийн төлөөлөгч CNN-д ярьжээ.
Хохирогчийг тикток хийх гэж тэнд зочилсон гэж цагдаа нар үзэж байгаа бөгөөд түүний үхэл нь Францад болж буй сүнс агнуурын тэмцээнтэй холбоотой байж магадгүй гэнэ. Нөгөө талаар энэ нь санаатай аллага, амиа егүүтгэл зэргийн аль нэг байж болзошгүй ажээ. Цагдаа нар түүнтэй хамт өмнө нь харагдсан залууг эрэн сурвалжилж байна. Мөн тус дүүрэгт хүн сураггүй алга болсон хоёр өөр хэрэг байгаа бөгөөд тэдгээртэй холбоотой байж болзошгүй гэж цагдаагийнхан үзэж байна.
Хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр хохирогч болон хамт явсан эрэгтэй найз нь "цус сорогчид шиг" хувцасласан байдалтай харагдсан байна. Цагдаа нараас ярилцлага авсан гэрчийн хэлснээр залуу эмэгтэй цайвар арьстай, туранхай байсан. Харин эрэгтэй нь хар үстэй, бор арьстай байжээ.
Эмнэлгийн шинжээч Роберто Тестигийн хэлснээр, нас барсан эмэгтэй хутгалуулж, цус алдаж нас барсан байна. Мөн хүзүүндээ хоёр удаа, гэдсэндээ нэг удаа буудуулсан байжээ. Цусны зарим хэсгийг арчиж, хэргийн газраас холдуулсан гэх ул мөр илэрсэн. Бүсгүй нас барах үедээ алуурчинтай тэмцэлдсэн гэх шинж тэмдэг байгаагүй гэв.
Л.Сайнаа