2016 онд Казахстаны Эдийн засгийн сайдаар ажиллаж байсан Квандык Бишимбаев эхнэрийнхээ аминд онц хэрцгийгээр хүрсэн хэргийн эргэн тойронд юу болж байгаа та бүхэнд тоймлон хүргэж байна.
Хэрэг явдал өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон. Түүнийг харин энэ сарын 01-ны өдрөөс эхлэн шүүж байна. Охиныг нь хөнөөсөн хүргэнээ шүүх хурал дээр биеэ өмөөрч буйг харж тэсээгүй Салтанат Нукенова бүсгүй сэтгэлээ барьж чадахгүй, мэгшин уйлж байгааг дүрс бичлэгүүд харуулав.
Арваннэгдүгээр сард экс сайд өөрийн эзэмшлийн ресторандаа эхнэрээ найман цагийн турш зодсон гэдэг. Хэрэг Казахстаны нийслэл Астана хотод болсон. Түүний хэргийг 10 шүүгч дэнсэлж байгаа бөгөөд сэтгүүлчдэд зураг, бичлэг хийхгүй байхыг сануулсан ч шүүх хурал олон нийтийн хэрэгслээр улс даяар шууд дамжуулсан.
Өдгөө 43 настай Эдийн засгийн сайд асан Квандык Бишимбаевын талийгаач эхнэр Нукенова энэ жил 31 нас хүрэх байв. Сая сая Казахстанчууд уг шүүх үйл явдлыг сэтгэл зовнин үзжээ. НҮБ-ын Жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах агентлагийн мэдээлснээр Казахстанд жил бүр 400 орчим эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас нас барж байна. Бодит тоо үүнээс ч их байж магадгүй.
Одоогоор шүүх хурлын эргэн тойрон дахь олон нийтийн яриа гэмт хэрэгт биш, харин шүүгчдэгчийн зан төлвийг жигших хандлагатай байна. 2016 онд Эдийн засгийн сайдаар томилогдохдоо Бишимбаев Казахстаны төрийн тэтгэлэгт хөтөлбөр болох “Болашак”-ын санхүүжилтээр АНУ-ын их сургуульд элсэн суралцаж, улмаар эх оронч үзэлтэй, Казахстаны улс төрийн дараагийн үе гэгдэж байв.
Анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын сайн хүн байв. Гэвч томилсноосоо хойш ердөө зургаан сарын дараа огцруулж, авлигын хэргээр баривчилсан нь тухайн үедээ дуулиан болж байлаа. Гэвч тэрбээр Назарбаевын санаачилсан өршөөлийн хуулиар өршөөгдөж, шоронд байх хугацаандаа өмнөх эхнэрээсээ салж, Нукеноватай гэрлэжээ.
Дөрөвдүгээр сарын 01-нд Бишимбаев шүүхэд хэлсэн анхны тайлбартаа Нукеновагийн гэр бүлээс уучлалт гуйсан нь ээжийнх нь уурыг хүргэсэн байна. Түүний байр суурь өөрийгөө өмгөөлөх хандлагатай байгаа. Дээрх тайлбарын дараа тэрбээр хуулийн багийнхантай хамт Нукеноваг сэтгэл зүйн хувьд тогтворгүй, хүчирхийлэл, атаархал, архи хэтрүүлэн хэрэглэх хандлагатай байсан гэж олон удаа хэлсэн.
Арваннэгдүгээр сарын 09-нд болсон уг хэргийн хамгаалалтын камерын бичлэг дөрөвдүгээр сарын 03-ны өдөр шүүх хуралдаанд ил болсон. Уг бичлэгт Бишимбаев Нукеноваг үснээс нь угзарч, удаа дараа нь цохиж, өшиглөж байгаа нь харагдаж байв. Камергүй угаалгын өрөөнд бүр ч илүү хүчирхийлэл байсныг тэр өөрөө хүлээн зөвшөөрсөн.
Түүнчлэн Бишимбаев эхнэрээ угаалгын өрөөнд хүчтэй унагасан нь хамгийн том үхлийн шалтгаан болсон үзэж байгаа. Тэрбээр мөн тэр шөнө Нукеновагийн толгойд дор хаяж арав гаруй хүнд цохилт өгчээ. Гэвч тэр түүнийг үхэлд хүргэсэн гэж өөрт нь тохоогдсон эмнэлгийн дүгнэлттэй маргасаар байна. Ямартай ч шүүхэд үзүүлсэн бичлэгийн алинд ч Нукенова Бишимбаев руу дайрч байгаа үйлдэл харагдаагүй байна.
Бүсгүйн үхлийг өмөөрч, чанга дуу хоолой болж буй өөр нэг эрхэм бол түүний ах Айтбек Амангелди юм.
2023 оны гуравдугаар сард дүү нь хавдсан уруул, хөхөрсөн нүдтэй зургаа түүнд илгээжээ. Тэр уурсан гэрт очиж Бишимбаевтай муудалцан дүүгээ авч явахыг хүссэн ч дүү нь хамт явах бус нөхөртэйгөө үлдэхийг хүссэн байна. Харин энэ талаар Бишимбаев хэлэхдээ, тэр шөнө Амангелди согтуу хутга барьж дайрсан, би эхнэрийнхээ нүүрийг тэр үед хавтгаагүй гэсэн байна.
Хүмүүсийн гэрчилж буйгаар Бишимбаевын зан авир тогтворгүй, догшин. Гэр бүлийнхэнтэйгээ таарамжгүй харилцаатай нэгэн гэнэ. Бишимбаев нь Токаевын өмнө ерөнхийлөгч байсан, өдгөө 83 настай Назарбаевын үеийн албан тушаалтан юм. Өөрөөр хэлбэл нөөлөгт нь байсан нэгэн. Гэвч Назарбаев одоо түүнээс зайгаа барихыг хүсч байна.
Шүүгч болон тангарагтны 10 гишүүн санал нэгтэйгээр "онц харгис хэрцгийгээр хүн амины хэрэг үйлдсэн" гэх үндэслэлийг дэмжсэн тохиолдолд хүнд ял буюу бүх насаар нь хорих ял оногдуулах боломжтой. Гэвч одоогоор шийдвэр гараагүй л байна. Энэ хэргээс болж тус улсын Засгийн газар гэр бүлийн хүчирхийллийг бүрэн гэмт хэрэг гэж тооцсон шинэ хуулиар эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх амлалтаа нотлох олон нийтийн шахалтын ээлжит давалгаатай аль хэдийн нүүр тулаад байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (6)