Хэт найрсаг, хөгжилтэй байсны улмаас хар тамхины үнэрч нохой болж чадаагүй Рожер нохой өнгөрсөн долоо хоногт болсон 7.4 баллын газар хөдлөлтийн аврах ажиллагаанд оролцсоноороо Тайвань даяар олныг байлдан дагуулж байна.
Аврах ноход гацсан хүмүүс болон цогцсыг олоход чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өнгөрсөн лхагва гарагт болсон үхлийн аюултай чичирхийллийн дараа Тайваний эрх баригчид чадварлаг нохдыг дайчилжээ.
Тайваньд сүүлийн 25 жилд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлт нь байгалийн үзэсгэлэнт үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөрсний гулгалт үүсгэж, хэд хэдэн барилга хэсэгчлэн нурсан байна. Эрх баригчид болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, найман настай Рожер газар хөдлөлтөд амиа алдсан 13 хүний цогцсыг олоход тусалсан нохдын дунд байсан гэнэ. Тэгэхдээ тэрТароко үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Шакадангийн жим рүү орж, сураггүй алга болсон 21 настай эмэгтэйн цогцсыг олсон байна.
Рожер үнэрч нохдыг сургах төвд төрсөн. Гэвч түүний зугаа цэнгэл, хоол хүнс, хүмүүст хайртай байдал нь түүний анхаарлыг сарниулсан учир тэр дасгалжуулагчийнхаа үгэнд ордоггүй байсан гэнэ. Тийм учраас Рожер хар тамхины мөрдөгч болж чадаагүй аж.
Гэвч түүний урам зоригтой зан чанар, оюун ухаан нь түүнийг аврах нохой болж, илүү баатарлаг үйл хийх хөшүүрэг болжээ. Каошюн хотын захиргааны мэдээлснээр Рожер 2022 онд Олон улсын аврагч нохойн байгууллагаас гэрчилгээ авсан чадварлаг нохой ажээ. Гэхдээ Рожер тэтгэвэрт гарах нь ойртож байгаа бөгөөд Каошюн хотын гал түймрийн алба аврагч нохдыг 9 нас хүрмэгц чөлөөнд нь гаргадаг байна.
Л.Сайнаа