Өнгөрсөн долоо хоногт АНУ Иранаас хураан авсан олон мянган пулемёт, мэргэн буудагч буу, пуужин харвагч болон хэдэн зуун мянган сумыг Украин руу шилжүүлсэн гэж АНУ-ын Төв командлал мягмар гарагт мэдэгдэв.
Украин ОХУ-ын эсрэг дайны талбарт зэр зэвсгийн хомсдолд орж, Конгрессоос нэмэлт санхүүжилт батлах хүртэл АНУ өөрийн нөөцөөс нэмэлт техник илгээх боломжгүй болсон. CENTCOM-ын мэдээлснээр, Украинд шилжүүлсэн эдгээр зэвсэг нь Украины нэг бригад, 4000 орчим албан хаагчийг хангахад хангалттай.
Уг зэвсгийг АНУ-ын арми 2021-2023 оны хооронд дамжин өнгөрөх харьяалалгүй дөрвөн өөр хөлөг онгоцноос хураан авсан. Энэ нь АНУ хураан авсан Ираны цэргийн техник хэрэгслийг Украинд шилжүүлсэн анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн аравдугаар сард АНУ Иранаас хураан авсан нэг сая гаруй сумыг Украины зэвсэгт хүчинд шилжүүлсэн гэж CNN өмнө нь мэдээлж байсан.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Ираны дэмжлэгтэй Хути босогчдод зэвсэг тээвэрлэхэд ашиглаж байсан хөлөг онгоцуудаас Ираны олон мянган автомат буу, нэг сая гаруй сумыг хураан авсан.
Сүүлийн нэг жилийн турш Байдены засаг захиргаа Ойрхи Дорнод дахь CENTCOM-ын байгууламжид хадгалагдаж байгаа хураан авсан зэвсгийг Украинчуудад хууль ёсны дагуу илгээхээр ажиллаж байна.
Л.Сайнаа