Саймон Харрис өнгөрсөн сард ажлаа өгсөн Лео Варадкарыг залгамжлан Ирландын Ерөнхий сайдын албан тушаалд очлоо. Ингэснээр тэр Ирландын хамгийн залуу ерөнхий сайд болж байна.
Өдгөө 37 настай Харрисын уг албан тушаалд очих зам амар бас ямар ч өрсөгдчгүй байсан гэдгийг хэвлэлүүд онцолж байна. Тэрбээр 20 наснаасаа улс төрийн албан тушаал хашиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд төрийн хэд хэдэн албан тушаал хашиж байжээ. Хамгийн сүүлд Ирландын Дээд боловсрол, шинжлэх ухааны сайдын албыг хашиж байсан.
Гэвч тэр ирэх саруудад улс төрийн хүнд сорилттой тулгарна. Варадкар Ирландын нийгмийн консерватив хуулиудыг либералчлах, ялангуяа тус улсын үр хөндөлтийн эсрэг хатуу мандатыг хөнгөвчлөх ажлыг удирдаж байсан. Гэвч түүний засгийн газар Ирландын орон сууцны хямрал, цагаачдын тоо огцом өссөнтэй холбоотойгоор эсэргүүцэлтэй тулгарсан.
Харрис сонгогдсоныхоо дараа хэлсэн анхны мэдэгдэлдээ Израилийг Газын зурваст явуулж буй үйлдлийг буруушааж байгаагаа хэлсэн.
Тэр “Газад бид хүмүүнлэгийн сүйрлийн гэрч болж байна. Мөн бид гэм зэмгүй хүүхдүүд, эмэгтэйчүүд, эрчүүд өлсгөлөнд нэрвэгдэж, алагдаж байгааг харж байна" гэжээ.
Л.Сайнаа