БАРИМТ 1
Монгол Улсын Их Хурлын гишүүн асан Төмөрбаатарын Аюурсайхан. БНТУ-ын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч, Сөүлийн Үндэсний их сургууль, Японы олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр, Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.
БАРИМТ 2
“Аста Пресс” ХХК-д эдийн засагч, Ерөнхий захирал, ТЗҮААЭГ-т ахлах референт, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга, Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан.
БАРИМТ 3
Англи, Орос, Турк, Япон хэлтэй.
БАРИМТ 4
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан брэндийн костюм, марк, үнэт чулууны асар нандин цуглуулгатай, олон үл хөдлөхтэй бизнесмен гэдгийг хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харах боломжтой.
БАРИМТ 5
Т.Аюурсайхан ШӨХТГ ажиллаж байхдаа үүрэн холбооны компаниуд, СӨХ-үүд, даатгалын компаниуд, шатахуун импортлогчид давамгай байдлаа ашиглаж, Өрсөлдөөний тухай хууль зөрчсөнийг тогтоон, хэдэн тэрбумаар нь торгууль ногдуулсан нь шуугиан тарьж, олон нийтийн анхаарлыг татаж, танигдах бас нэгэн шалтгаан болжээ.
БАРИМТ 6
2020 онд УИХ-д хоёр дах удаагаа сонгогдохдоо Чингэлтэй дүүргийн 25-р тойрогт нийт 33,356 сонгогч буюу 45.28 хувийн саналаар гарсан.
БАРИМТ 7
Т.Аюурсайханы 2000 оноос эхлэн Монголын улс төрд 23 жилийн хугацаанд нам, засгийн албан тушаалд үргэлж дээш өгссөнөөрөө МАН дотроо, үеийнхэн дундаасаа ялгардаг.
БАРИМТ 8
Т.Аюурсайхан "МАН-д бусдад барьцаалагдсан, наймаачин, бохир дарга хэрэггүй. Сонгогчдынхоо сонголтыг наймаалцдаг иргэдийнхээ итгэлийн наймаалцдаг, гишүүдийнхээ шийдвэрийг өөрчилдөг худал хэлдэг удирдлага бидэнд хэрэггүй. МАН шинэчлэгдэх нь Монголын улс төрийн цэвэршүүлэх, төрийг эрүүлжүүлэх хөшүүрэг нь болох ёстой" хэмээн мэдэгдэж намын даргад өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарлаж байжээ.
БАРИМТ 9
М.Энхболдыг МАН-ын даргаар хоёр дахь удаагаа сонгогдоход Шинэчлэлийн хороог байгуулж, намынхаа “Цагаан ордон”-ы үүдэнд гэр бариад тэмцсэн. Мөн Засгийн газрынх нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах гарын үсгийг УИХ-ын гишүүний хувиар цуглуулсан баримт байдаг.
БАРИМТ 10
М.Энхболдыг УИХ-ын даргаас нь огцруулах “МАНАН”-гийн эсрэг жагсаалыг Төв талбайд зохион байгуулж, түүгээрээ үнэлэгдэн “Ард түмний хайртай хүү” тодотголыг хүртэж байсан.
БАРИМТ 11
Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа, Т.Аюурсайхан Польш улсад эрэн сурвалжилж байгаа гэх 69 хүний нэрийг зарлаж, Гадаад харилцааны яаманд бүртгэлтэй 2009 оноос хойшх хар тамхи болон бусад хэрэг зөрчлүүдийн заримыг нь ил болгосон. Хэрэг зөрчилд холбогдон эрэн сурвалжилж байгаа хүмүүсийг удаа дараа, дахин дахин Элчин сайд хүртэлх албан тушаалд томилж ирсэн. Үүнийг л таслан зогсооё гэсэн үүднээс энэ асуудлыг ил гаргаж, нийтэд нэрсийг нь зарласан нь олон дайсныг өөртөө бэлдсэн гэдэг.
БАРИМТ 12
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг УИХ-д өргөн барьсан бөгөөд, уг хуулийг хэлэлцэх үеэр Т.Доржханд гишүүнд хандан мэдэгдэл хийжээ. Тэрээр “Т.Доржханд гишүүн та Монре даатгалын хувийг эзэмшиж байгаа. Монре даалтгалын 88.5 хувийг гэр бүлийнхээ хүний нэр дээр та эзэмшиж байгаа. Та УИХ-д хувийнхаа бизнесийг дэмжих гэж, ашиг орлогоо нэмэгдүүлэх гэж орж ирээгүй шүү. Та миний сануулгыг хүлээж авахгүй бол таныг тангаргаасаа няцсан, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн үндэслэлээр Цэцэд хандана” хэмээн удаах дайснаа бэлдэж байжээ.
БАРИМТ 13
Тэрбээр энэ парламентэд УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан юм.
БАРИМТ 14
Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албанд очсон боловч хагас жилийн дараа буусан.
БАРИМТ 15
АТГ-гаас нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүнийг анх олон нийтэд зарласан. Тэнд нэр дурдагдсан Ш.Раднаасэд гишүүн “Би Б.Ганхуяг гэдэг хүнийг танихгүй. Тэр чинь Т.Аюурсайханы л хүн. Т.Аюурсайханы туслахууд бүгд хоригдсон байгаа” гэж мэдэгдэл хийсэн.
БАРИМТ 16
Т.Аюурсайхан “Эрдэнэс Тавантолгой” компаниас шанага нүүрс ч аваагүй хэмээн мэдэгдсэн байдаг.
БАРИМТ 17
Харин тэгж мэдэгдсэнээсээ хойш гурван сарын дараа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тэрээр уг хүсэлтдээ "УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард нуугдахгүй шалгуулахад бэлэн байна" гэдгийг дурджээ.
БАРИМТ 18
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Намайг шоронд хийвэл үлдсэн бүх насаа МАН-ын хулгайч нарыг илчлэхэд зориулна. Нэг ч дарга үлдэхгүй шүү" хэмээн хэлсэн байдаг.
БАРИМТ 19
Т.Аюурсайханыг 2023 оны гуравдугаар сард УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлсэн.
БАРИМТ 20
Т.Аюурсайхан гишүүн өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ны чуулганы хуралдаан дээр “УИХ-ын гишүүн миний гэр оронд хүртэл төхөөрөмж суурилуулсан асуудал байгаа. Хуулийн байгууллагын гар хөлүүд нь саяхан машин машинаар нь нотлох баримтыг жалганд аваачиж шатаасан асуудал байгаа. Энэ бүхнийг ил болгоно” хэмээн мэдэгдсэн.
БАРИМТ 21
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Т.Аюурсайхан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар буюу "Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх" гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин уг хэргийг шүүх "гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
БАРИМТ 22
Т.Аюурсайхан "Анх удаагаа олон зүйлүүдийг сонсоод гайхаад, харамсаад сууж байна. Айхтар хэлмэгдүүлэлт болж байна. Эрүүгийн хуулийн 20.3 Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх бол маш хүнд зүйл заалт нь 5-12 жилийн хорих ялтай маш хүнд гэмт хэрэг. Огт нотлох баримтгүйгээр намайг яллагдагчаар татсан” хэмээн мэдэгдсэн.
БАРИМТ 23
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал дуусаж, гурван жил хорих ял, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1,800,838,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн.
БАРИМТ 24
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10-р зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатайгаар хассан.
Сэтгэгдэл (7)