Италийн алслагдсан, жижигхэн Аликуди арал нь ердөө 100 орчим оршин суугчтай гэнэ. Тэнд мөн 100 орчим зэрлэг ямаа байдаг аж. Харин энэ жил хүн амьтны харьцаа үнэхээр тэнцвэргүй болж ирсэн нь тус арлын зэрлэг ямааны тоо толгой оршин суугчдын хүссэн тооноос зургаа дахин ихэссэн байна.
Нэг хүнд ногдох малын тоо бусад газраас илүү их байгаа тул хотын дарга Риккардо Гулло асуудлыг шийдвэрлэхэд тусалж чадах хүмүүст нэгэн сонирхолтой уриалгыг хүргүүлж байгаа аж. Гулло CNN-д пүрэв гарагт өгсөн ярилцлагадаа "Таны ямаа тэжээх талаар юу мэддэг эсэх нь хамаагүй, хэрэв та ямааг барьж чадвал, бас арлаас гаргах завьтай л бол асуудалгүй. Ямааг үнэгүй ав" гэжээ.
Орон сууцны хороололд халдаж, гэр орон руу дайран орж, нийтийн болон хувийн цэцэрлэгт хүрээлэн, хашаанд таарсан бүхнээ иддэг тул ямааны тоо толгой өсөх нь асуудал болсон ажээ. Уг амьтдыг орон нутгийн засаг захиргаа нядлахгүй учраас “ямаа үрчлэх” хөтөлбөрийг санаачилсан гэнэ. Тэднийг барих хэцүү. Учир нь тэд эгч хадан хавцалд дураар авирч, хүссэн газраа тэнэж чаддаг адтай амьтад.
Сицилийн бүс нутгийн засгийн газрын мэдээлснээр, ямааг 20 орчим жилийн өмнө нэгэн фермер нутагшуулж, дараа нь зэрлэг байгальд нь дураар тавьсан гэнэ. Улмаар цөөхөн байсан ямаан сүрэг удахгүй мянга хүрэх төлөвтэй байгаа гэнэ.
Иймд, 50 хүртэлх ямаа авах хүсэлтэй хүн бүр дөрөвдүгээр сарын 10-ны дотор албан ёсны хүсэлтээ гаргаж болно гэж хотын дарга нь мэдэгдээд байна. Тэр мөн бүх ямааг арлаас явуулах хүсэлтэй байгаа аж.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)