БАРИМТ 1
Н.Алтанхуяг Увс аймгийн Улаангом хотод төрсөн. Эцэг эхээс наймуулаа тэрээр одонгийн хүү. Эх барьж авсан хүйс ээж нь Алтантуяа гэдэг нэр өгчээ. Хожим багш болоод нэрээ Алтанхуяг болгон өөрчилжээ.
БАРИМТ 2
Аймагтаа сурлагаараа нэгдүгээрт жагссан учир гадаадын их сургуулиудаас сонгох боломжтой байсан ч МУИС-ийг сонгож биофизикч, физикч мэргэжлээр суралцаж төгссөн. Төгсөөд МУИС-даа 10 жил багшилсан.
БАРИМТ 3
Түүний улс төрийн гараа 1990 оны Ардчиллын салхитай хамт эхэлсэн гэж хэлж болно. Их сургуулийн багш нарын хамт Социал демократ намыг үүсгэн байгуулж Ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан. 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 1998 онд Хөдөө Аж Ахуй, Үйлдвэрийн сайдаар томилогдож байв. Улмаар 2004 онд Эвслийн засгийн газрын Сангийн сайдаар томилогдон ажилласан бол 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2008-2012 онд Тэргүүн Шадар сайд, 2012-2014 онд Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар ажилласан туршлагатай.
БАРИМТ 4
Ардчиллын 25 жилд АН-ыг хамгийн сайн зангидаж, хамгийн том амжилтад хүргэсэн хүн бол Н.Алтанхуяг. Тиймээс ч намынхан нь “Алтанхуягтай Ардчилсан нам ялдаг” гэж тодорхойлсон. АН харьцангуй залуу түүхтэй нам. Тиймээс энэ намд зүтгэсэн хүн бүрийн алдаа оноог дэнслэх амархан. Ердөө 30 гаруй жилийн өмнөх түүхийн хуудсаас эхлэн эргүүлэхэд хангалттай. Тэр дунд Н.Алтанхуяг шиг тууштай бөгөөд үргэлж галын шугам дээр ажилласан хүн цөөн.
БАРИМТ 5
2008 онд Ардчилсан намын тав дахь даргаар сонгогдсон тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд намаа ялуулж олуулаа болсон. Ингээд Засгийн газраа байгуулж МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан 2014 оны 11 сар хүртэл Ерөнхий сайдаар ажилласан юм.
БАРИМТ 6
Н.Алтанхуягийг АН-ын даргаар ажиллаж байхад АН 5 сонгуульд ялалт байгуулсан. Сүүлийн 2 сонгууль дараалан үсгүй ялагдсан АН-ханд өдгөө ялж байсан үе нь дурсамж төдий болж. Засгийн ажлыг авмагцаа тэрбээр Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгож, ард түмнээ сонсох 11-11 төвийг нээж байв.
БАРИМТ 7
Түүний тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьж хамгийн их бүтээн байгуулалт өрнүүлсэн юм. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болоход Монгол улс нийтдээ 2300 км хатуу хучилттай авто замтай байсан бол Шинэчлэлийн Засгийн газар 2 жилийн хугацаанд 2500 км зам буюу түүхэндээ хамгийн их авто замыг тавьсан гэдэг.
БАРИМТ 8
Мөн 17 хувийн хүүтэй байсан орон сууцны зээлийн хүүг хоёр дахин багасгаж 8 хувь болгосноор өрхийн сард төлөх хүүгийн төлбөр 400 мянган төгрөгөөр буурч, зээл төлөх нийт хугацаанд өрх бүр 50-70 сая төгрөг хэмнэдэг болсон юм. Уг бололцоог зөвхөн Улаанбаатарт төдийгүй улс орон даяар хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн иргэд 7 хувийн хүүтэй зээлд хамрагдаж эхэлсэн байдаг.
БАРИМТ 9
Түүнчлэн Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хялбар авах ТҮЦ машиныг нэвтрүүлсэн автор нь Н.Алтанхуяг. Нийслэл хот болон 21 аймаг ТҮЦ машинтай болж, иргэд хорооны засаг дарга, бүртгэлийн байгууллагад дугаарлаж зогсох шаардлагагүй болсон юм. Мөн 11 аймгийг оношилгооны төвтэй болгож, орон нутгийн иргэд нутагтаа оношилгоонд хамрагдах боломжыг бүрдүүлсэн. 2 жилийн хугацаанд шаргуу ажилласан түүнийг бүтээн байгуулагч Ерөнхий сайдаар нэрлэсэн байдаг.
БАРИМТ 10
Түүнийг Ерөнхий сайд болохын өмнө иргэдэд 1 сая, 1.5 сая төгрөг тараасан тул Засгийн газар өрөнд орсон мөнТаван толгойн нүүрсээ урьдчилан зараад Чалко компаниас зээл авсан байв. Энэ өрийг Н.Алтанхуягийн Засгийн газар төлжээ. Бас олон улсаас 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд босгосон.
БАРИМТ 11
Өдгөө МАН-хан түүнийг Монгол улсыг өрөнд оруулсан гэж цоллодог. Харин та бид муу нэртэй Чингис бондоос санхүүжүүлсэн авто замаар давхиж, цахилгаан дулааны станцуудыг өргөтгөж шинэчилсэний хүчинд тог, дулаанаар тасарч гал алдахгүй яваа гэхэд болно. Улсын төсөв, гадаад өрийн талаар дуугүй байдаггүй Н.Алтанхуяг ч МАН-хан Чингис бондоос 3 дахин их зээл гадаадаас авч өрийг өрөөр дарж буйг хэлдэг.
БАРИМТ 12
2012-2016 онд сөрөг хүчин байсан МАН Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 2 огцруулах гэж оролдов. Ингээд 2014 онд МАНАН бүлэглэл Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан. Түүнийг огцруулах шалтаг нь хүргэн Дэнзэн, зөвлөх Гансүх нарын асуудал байсан ч огцорсоных нь дараа жинхэнэ шалтгаанууд нь ил болсон байдаг. Түүний тодорхойлсноор Ц.Элбэгдорж толгойлогчтой МАНАН бүлэглэл Н.Алтанхуягийг огцоруулаад Оюу толгойн хөрөнгө оруулалтын хэтрэлт, Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 хувь гээд Монголчуудын баялгийг хулгайлах ажлаа гүйцэлдүүлсэн. Товчхондоо Н.Алтанхуяг бүлэглэлийн үгэнд ороогүй учир огцорсон.
БАРИМТ 13
Ингээд Н.Алтанхуяг 2016.04.04 өдөр Монголд “Шударга бусын хонгил” бий болсон түүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нар толгойлж байна гэж зарлав. Шударга бусын хонгил гэх нэршлийг улс төрд сийлсэн түүнийг хаан шалдан байгааг хэлсэн тэнэг зоригтон гэцгээж байлаа. Тэр МАНАН бүлэглэлийн байгуулсан хонгилыг толгойлогч нартай нь зарласныхаа шанг хатуухан хүртсэн. 10 гаруй жил хонгилоор чирэгдэж туслах зөвлөх, эхнэр хүүхэд, ах дүү гээд эргэн тойрных нь олон хүнийг шоронд хорьж хэлмэгдүүлсэн.
БАРИМТ 14
Энэ талаар тэрбээр “Монгол Улс эзэнтэй, хайрлаж хамгаалах иргэдтэй. Намын эрх ашгийн дор орж болохгүй, эх орны эрх ашиг гэж байдаг гэдгийг хатуу итгэл үнэмшилтэйгээр ялгаж салгах өөрийн гэсэн үзэл бодол надад бий. Тэр үзэл бодлоосоо болж 2014 онд Ерөнхий сайдаасаа огцорч байсан. Одоо бүх асуудал ил болсон. Тэр үед тэдний эрх ашгийг бодож Ц.Элбэгдорж нарын шахалтад ороод Оюу Толгой, Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 мэтийн луйвруудыг хүлээн зөвшөөрсөн бол өнөөдрийг хүртэл намын дарга, Ерөнхий сайдаа хийгээд явах байсан гэдэгт огт эргэлздэггүй” хэмээн мэдэгдэж байв.
БАРИМТ 15
Хожим түүний анхлан зарласан “Шударга бусын хонгил” байна гэдгийг өнөөгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар бүгд хэлсэн байдаг. Н.Алтанхуяг түүхэнд үнэнийг үлдээхийн тулд “Шударга бусын хонгил” хэмээх баримтат ном гаргаж энэ тухайгаа “Миний үнэн Монголын үнэн болов” гэж бичжээ.
БАРИМТ 16
Н.Алтанхуяг "Би Монгол Улсын Ерөнхий сайдын ажлыг маш их дурлаж хийсэн. Надад ажил хийх маш их хүсэл эрмэлзлэл, зориг байсан. Ер нь улс орноо хөгжүүлнэ гэдэг бол хүмүүсийг урам зоригтой болгох явдал. Би олон нийтийн эрх ашгийн төлөө ярьдаг. Иргэд маань хүн шиг амьдарч, улс маань улс шиг хөгжих ёстой. Би ийм л итгэл үнэмшилтэй хүн" гэсэн байдаг.
БАРИМТ 17
2017 онд Х.Баттулгыг дэмжиж Ерөнхийлөгч болгосон. Улмаар түүний зөвлөхөөр ажилласан. Түүний тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрыг заналтайгаар огцруулсан Х.Баттулгад зөвлөх болсоныг олон нийт гайхан хүлээж авсан.
БАРИМТ 18
2020 оны сонгуульд ялалт байгуулсан ганц бие даагч. Түүнийг УИХ-ын гишүүн болгохгүйн тулд Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нар АН-аас хөөсөн тул өөр намд орох биш бие даан нэр дэвших замыг сонгосон гэдэг. Өөрөө ч энэ тухайгаа “Би 60 хүрсэн, хэр баргийн юмыг өнгөрөөх насандаа ирсэн хүн. Шууд үр дүнгээс илүү суурь гажуудал бэхэжчих вий гэж улайран тэмцээд байгаа юм. Өнөөдөр та залхаад, би дуугүй болоод, бид бүгд энэ бүхнийг мартчихвал маргааш Монголд юу болох вэ гэдгийг тааж цөхөх юмгүй биз дээ. Хуулиас дээгүүр анги давхарга, хүссэнээ хийж хэлмэгдүүлдэг тогтолцоо, цөөнх нь хэт баян олонхи нь үгээгүй ядуу, баялгийг нь эзэнгүй мэт гадныхан авлигаар сорчилж мөлжин, залуус нь гадаад гарч дүрвээд, энэ эх орон товчхондоо сүйрч, устаж түүхээс арчигдана" хэмээж байв.
БАРИМТ 19
Түүний 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр нь товчхондоо шударга ёсыг тогтоох, байгалийн баялгийг тэгш хүртээх, дундаж давхарга босгох. Энэ тухайгаа “Шинэчлэлийн Засгийн газар ард түмэнтэйгээ хамтарч ажилласан. Ард түмэн дэмжсэн. Алдаа оноогоо засаад хоёр жил сайхан ажилласан. Гэтэл төрд гарсан хулгайч дээрэмчдэд энэ бүхэн таалагдаагүй. Ингээд Засгийг унагаасан. Түүнээс биш хийх зүйлээ хийсэн. Хэний ч өмнө бардам хэлнэ. Дутуу хийсэн зүйл олон бий. Тиймээс шүүмжлээд зогсох бус дотор нь орж ажил хэрэг болгоход нь гар бие оролцоё гэж нэр дэвшихээр шийдсэн” хэмээн тодотгож байв.
БАРИМТ 20
Н.Алтанхуяг чацаргана жимсийг брэнд болгосон хүн. Увс, Сэлэнгэд чацаргана тариалж түүгээрээ эрүүл органик бүтээгдэхүүн хийдэг. Монголын нууц товчоонд бичигдсэн Чингис хааны өвөлжиж байсан Хуба хаяа өвөлжөөний ойролцоох газарт “Хаан жимс” хэмээх бааз байгуусан. Улмаар чацарганы үйлдвэрээ “Хуба Хаяа” гэж нэрлээд өдгөө бүтээгдэхүүнээ гадаад дотоодын зах зээлд нийлүүлж эхэлжээ.
БАРИМТ 21
Өмнө нь АН-ын даргын сунгаанд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж зарласнаасаа болж МАНАН бүлэглэлийнхэнд хонгилдуулж яллагдагч болж байсан тэрээр УИХ-ын гишүүн байхдаа ч Хөгжлийн банкны гэх хэрэгт яллагдагчаар татагдав. Монголд анх удаа 80 гаруй хүнийг хоморголон буруутгаж шүүсэн шүүх хуралд 3 сар суухдаа хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргаж олон нийтэд тус шүүх хурлыг үзэх боломж олдсон. Мөн Засгийн газрын гаргасан бодлогын шийдвэрээр Ерөнхий сайдыг буруутгасан анхны тохиолдол юм. Харин анхан болон давах шатны шүүх түүнийг буруугүйг нотолж цагаатгасан.
БАРИМТ 22
Эсэргүү Н.Алтанхуяг. Тэрээр одоо ч болохгүй бүтэхгүй байгааг УИХ-ын танхимд шуудхан хэлж орхидог цөөхөн гишүүдийн нэг. Тэртээ 2004 онд АН-ын дарга М.Энхсайханыг шүүмжилсэн “хэргээр” нэр дэвших эрхгүй үлдэж байсан бол хонгилыг илчилснээсээ болж 2020 онд Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нар нэгэн цагт удирдаж байсан намаас нь хөөж тохуурхсан. Харин 2023 онд МАН-ыг шүүмжилснээсээ болж Хөгжлийн банкны хэргээр УИХ-ын танхимд суух ёстой цагаасаа 3 сарыг шүүх танхимд өнгөрөөсөн.
БАРИМТ 23
Гэрэл зураг авах хоббитой тэрээр өөрийн авсан зургуудаараа “Монголдоо сайхан аялцгаая” нэртэй альбом гаргасан. Мөн “Ардчилсан засаглал 1206”, "Оргил өөд" намтар ном бичсэн. Номыг нь улс төрд "шогшиж" яваа залуус уншвал өнгөрсөн 12 жилд АН дотор өрнөсөн хийгээд Монголын улс төрд өрнөсөн үйл явцыг ерөнхийд нь зураглачих болов уу.
БАРИМТ 24
Түүнийг улс төрийн хүрээнийхэн нэг хэсэг нь хорчин гэдэг бол нөгөө хэсэг нь эвлүүлэгч гэдэг. Өнгөрсөн 30 жил Н.Алтанхуяг улс төрд өндийхдөө өндийж, унахдаа унаж ирсэн. Түүний улстөр дэх намтар түүх арвин их бөгөөд яг л зүрхний бичлэг шиг уналт, өсөлттэй явж иржээ. Түүний хамгийн алдартай 5 агшин
Сэтгэгдэл (2)