Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолын дагуу “Трүүп Амараа” хамтлагт 40 сая төгрөгийн мөнгөн шагналыг олгохоор болжээ. Тодруулбал, Монакогийн Вант Улсын Монте Карло хотод 2024 оны нэгдүгээр сарын 19-29-нд болсон Дэлхийн циркчдийн олимп хэмээн нэрлэгддэг “Монте Карло-46” их наадамд Монгол Улсыг төлөөлөн тус хамтлаг “Хүннү гүрэн” бүтээлээрээ оролцож “Мөнгөн алиалагч” цомын эзэд болсон.
“Хүннү гүрэн” бүтээл тус их наадмын алтан тайзнаа анх удаа 6 давхарласан хүн рүү 2 эргэлт хийж, 4 давхарласан 9,5 метр өндөр турбатай сандал руу хойшоо 2 эргэлттэй нисэх, шидэх, банзнаас хойшоо агаарт 5 сальто эргэлт хийх үзүүлбэрийг зориглон үзүүлсэн нь шинэлэг бөгөөд анхдагч байв.
Дашрамд дурдахад, 1986 онд Монголын циркийн уран бүтээлчид “Хос уран нугаралт”-ын төрлөөр тус наадамд амжилт үзүүлж “Мөнгөн алиалагч” цомын эзэд болсон түүхтэй. Түүнээс хойш 38 жилийн дараа дэлхийн циркчдийн олимпод Монголын циркийн чанар, түвшнийг таниулан сурталчилж, түүхэн амжилтыг бататгасныг ийнхүү үнэлжээ.