Өнөөдөр дөрөвдүгээр сарын 01 буюу инээдмийн баярын өдөр. Зарим оронд "Тэнэгүүдийн өдөр" ч гэгддэг. Энэ өдөр хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг уламжлалттай. Манай орны хувьд жил бүрийн энэ өдөр улс даяараа инээд хөөр, дуу хууранд умбаж хошин урлагийнхны нэгдсэн тоглолт болон өөр олон гайхалтай арга хэмжээнүүд зохиогддог.
Энэ баярыг дэлхийн олон улс оронд тэмдэглэдэг хэдий ч хаанаас хэрхэн үүссэн тухай бодитой түүх байхгүй байна. Гэвч олон домог, цуу яриа байдаг. Хамгийн ортой мэдээллээс хүргэвэл Григорийн он тооллын дараагаас ядарсан ард олныг амраах зорилготой инээдмийн баяр гэгчийг тэмдэглэж ирсэн хэмээх түүхэн баримт байдаг байна.
Инээдмийн баярын өдрийн маш олон түүх байдаг. XVI зууны хоёрдугаар хагас хүртэл дөрөвдүгээр сарын нэгний өдөр шинэ жилийг угтдаг байжээ. Францын хаан шинэ оныг нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэх зарлиг гаргасан байна. Гэвч зарим нь энэ шийдвэрийг хүлээн авахаас татгалзаж дөрөвдүгээр сарын 1-нд шинэ оноо угтаж, уламжлалт ёсоор бие биедээ “дөрөвдүгээр сарын загас” залгиулсаар байсан учир тэднийг шоглон "Тэнэгүүдийн өдөр" хэмээн нэрлэжээ. Францчууд энэ өдрийг дөрөвдүгээр сарын загас ч гэдэг. Ер нь Европын ихэнх орнуудад тэнэгүүдийн өдөр гэдэг.
Харин Америк болон Их Британид XVIII зуунаас хуурдаг өдөр хэмээн тэмдэглэж ирсэн байна. 1860 оны энэ өдөр Лондон хотод хэвлэгдэн гардаг нэгэн сонин, хүмүүсийг хэрхэн хуурсан тухай өнөөдрийг хүртэл дурсан ярьдаг. “Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 11 цагт Тауэрт болдог цагаан арсланг угаах ёслолд ноёд, хатагтай нарыг оролцохыг урьж байна” гэсэн зар гаргажээ. Түүний дагуу 11 цагт Тауэрт бөөн хүн цугларсан байна.