Амит Суссана 10 дугаар сарын 07-нд ХАМАС бүлэглэл Израиль руу халдах үеэр олзлогдож, 55 хоногийн турш бэлгийн хүчирхийлэл болон хүчирхийллийн бусад хэлбэрийг тэвчсэн тухай сэтгэл шимшрэм түүхээ олон нийтэд хэлсэн анхны хүн болж байна.
10 орчим эрэгтэй түүнийг гэрээс нь анх хулгайлсан. Тэд түүнийг зодож, Газ дахь үүрэндээ аваачин аймшигтай тамлал хүртээжээ. Суссанагийн олзонд байсан тухай түүх олон хүний зүрхийг шимшрүүлж байна. Дээрэмчид бүсгүйг эхлээд ганцааранг нь хорьж, шагайгаар гинжилжээ. Хэд хоногийн дараагаас тэд буу тулган сүрдүүлж, улмаар бэлгийн харьцаанд хүчээр орсон байна. Энэ тухай "The New York Times" сонинд бичжээ.
Өмгөөлөгч Суссана 2023 оны 10 дугаар сарын эхээр ХАМАС бүлэглэлийн халдлагын үеэр олзлогдож, Газад барьцаалагдсан хүмүүсийг Палестин хоригдлуудаар солих ажиллагааны хүрээнд суллагдсан байна.
Барьцаалагдсан хүмүүсийн гэр бүлийн нэгдлийн мэдэгдэлд "Амит Суссанагийн олзонд өнгөрүүлсэн аймшигт түүхээ олон нийтэд хэлж буй нь ХАМАС бүлэглэлийн барьцаанд дотны хүмүүс нь байгаа тэрхүү хүмүүсийн сэтгэлийг гонсойлгосон мэдээллүүдийн нэг юм. Тэр бол 170 гаруй гашуун өдрийн турш энэ амьд тамыг тэвчсэн бүх барьцааны хүмүүсийн адил баатар юм. Бид хэтэрхий оройтохоос нь өмнө эдгээр зоригтой эмэгтэйчүүд, эрчүүдийг гэртээ авчрах ёстой" гэжээ.
Суссана "Нью Йорк Таймс" сонинд өгсөн найман цагийн ярилцлагадаа түүнийг барьцаалагчдын гарт мэдэрсэн сэтгэл зүйн болон бие махбодийн тарчлал, газар доорх хонгилд тохиолдсон зовлон зүдгүүрийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Түүнийг олзонд очсоноос хойш хэд хоногийн дараа барьцааны хүмүүсийг манаж байсан хамгаалагч түүний бэлгийн амьдралын талаар асууж эхэлсэн гэж тэр хэлэв. Улмаар тэр хамгаалагч хүүхдийн унтлагын өрөөнд түүнийг тусад нь хорьж, гинжилсэн байна. Хамгаалагч орж ирэн, орон дээр түүний хажууд суугаад хормой хотыг нь сөхөж, түүнд зүй бусаар хүрдэг байсан гэж тэр сонинд ярьжээ.
Байдал бүр хурцдаж, хамгаалагч түүний сарын тэмдгийн мөчлөгийг асууж, дуусахыг нь хүлээдэг болжээ. Сарын тэмдэг нь дуусах үед тэрбээр хугацаа хожихын тулд 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн долоо хоног шахам цус алдаж байгаа мэтээр жүжиглэсэн гэнэ. Аравдугаар сарын 24-ний өдөр Мухаммед гэх хамгаалагч эр түүн рүү дайрсан гэж тэр хэлэв.
Тэр өдрийн өглөө эрт Мухаммед гинжнийх нь түгжээг тайлаад угаалгын өрөөнд түүнийг орхисон. Түүнийг хувцсаа тайлж, ваннд угаалга хийж эхэлсний дараа Мухаммед буцаж ирээд үүдээр нь гар буу барин орж иржээ.
"Тэр над руу ирж, духан дээр минь буу тулгасан" гэж Суссана дурсав. Суссанаг цохиж, биеэ ороосон алчуурыг нь хүчээр тайлж, Мухаммад илж, таалан ванны ирмэг дээр суулгаад дахин цохисон байна.
Барьцаалагдсан 19 настай охин Наама Левигийн ээж Айелет Леви Шачар охиныг нь үснээс нь барин машинаар чирж буй бичлэгийг дайралт эхлэснээс нэг хоногийн ар дээр харсан байна. Охины өмд цуснд будагдсан байлаа. Тэрхүү дүр зураглалаас үүдэн Шачар охиныг нь ХАМАС-ын дайчид хүчирхийлсэн гэх бодлыг тээх болжээ.
Түүний хэлснээр "Амитийн аймшигтай гэрчлэл бол Газад байгаа бидний хайртай хүмүүс өдөр бүр бие махбодийн, бэлгийн болон сэтгэл зүйн эрүү шүүлтийг тэвчиж байгаагийн нотолгоо юм. Өдөр бүрийн зовлон нь тэдний хувьд үүрд мөнх мэт байгаа. Амитад тохиолдсон зүйл бол барьцаанд байгаа бусад олон хүмүүсийн өдөр бүр туулдаг хар дарсан зүүд юм. Магадгүй яг энэ мөчид ч гэсэн тэд тамлуулж байгаа. Бид гуйж байна. Хэт оройтохоос өмнө охидоо болон бидний хайртай бүх хүмүүсийг яг одоо бидэн дээр авчир" гэжээ.
Энэ сарын эхээр НҮБ-аас ХАМАС-ын дайчид хүчингийн болон бүлэг хүчингийн хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй гэсэн тайлан мэдээг нийтэлж, барьцаалагдсан хүмүүсийн гашуун зовлонг анх илчилсэн. ХАМАС бүлэглэлийн албан тушаалтан Басем Наим энэ сарын эхээр CNN-д өгсөн ярилцлагадаа бэлгийн хүчирхийллийн талаарх НҮБ-ын тайланг үгүйсгэсэн юм.
Л.Сайнаа