Олон улсын театрын өдрийг (World Theatre Day) гуравдугаар сарын 27-ны өдөр болгох саналыг 1961 онд Олон улсын театрын институт гаргажээ. Энэ бол зөвхөн театрын мэргэжлийн баяр биш, сая сая хүмүүсийн баяр юм. Дэлхийн театрын өдөрт зориулсан анхны уриалгыг Францын зохиолч Жан Кокто 1962 онд бичиж байжээ.
Театр гэсэн үг нь эртний Грекийн “Үздэг байр” гэсэн үгнээс гаралтай. Театрын анхны тоглолтыг МЭӨ 2500 жилийн өмнө Египетэд хийсэн агаад Осирис бурхны түүхийг өгүүлсэн гэж тооцдог байна.
Театр нь Эртний Грект урлаг болон бүрэлдсэн юм. Энэ цагт эмгэнэлт ба инээдмийн болон бусад төрлүүдийн зааг тодорхойлон тогтжээ. Тогтсон уламжлалаар инээдмийн болон эмгэнэлт гэсэн хоёр төрөл театрт давамгайлж ирсний бэлгэдэл нь театрын баг болон үлджээ.