Москва хотын Басман дүүргийн шүүх Даваа гарагт Москва хотын захын концертын танхимд болсон террорист халдлагад оролцсон гэх өөр гурван хүнийг баривчлах шийдвэрийг гаргажээ.
Баривчлагдсан хүмүүс нь нэг гэр бүлийн гишүүд бөгөөд эцэг Исроил Исломов болон түүний хоёр хүү Диловар Исломов, Аминчон Исломов нар юм. Тэднийг бүлэг терроризмын хэргээр буруутгаж байгаа гэнэ. Тэднийг өмнөх дөрвөн хүний адил тавдугаар сарын 22-ныг хүртэл хорьж, гэм буруутай нь тогтоогдвол бүх насаар нь хорих ял өгч магадгүй байна.
Мөрдөн байцаах хорооны дарга Александр Бастрыкин хэлэхдээ, Исламовынхан террористуудыг амьдрах орон сууцаар хангаж, тээвэрлэх машин өгч, мөнгө шилжүүлсэн гэжээ. Мөрдөн байцаалтын дагуу ах дүү Исломовууд 2024 оны эхээр террорист бүлэглэлд татагдан орсон нь батлагдсан байна.
Исламовын гэр бүл Тажикстаны нийслэл Душанбе хотын уугуул. Исроил нь Тажикистаны иргэншилтэй, ОХУ-д оршин суух зөвшөөрөлтэй бол Диловар, Аминчон хоёр Оросын иргэн. Тэд ОХУ-д таксины жолооч хийдэг. Одоогоор Аминчон өөрийгөө уг хэрэгт холбоогүй хэмээгээд байна.
ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба террорист халдлагатай холбоотой 11 сэжигтнийг баривчилсан. Тэдний дөрөв нь халдлага үйлдсэн гэж өмнө нь мэдээлж байсан. Баасан гарагт Москва хотын захын "Крокус Сити Холл"-д болсон террорист халдлагад 139 хүн амиа алдаж, 182 хүн шархадсан эцсийн тооцоо гарчээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)