Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдраар хими эмчилгээ хийлгэж, "эмчилгээний эхний шатанд" байгаа тухай зарласан нь Английн хатан хааны гэр бүлийн хувьд өөр нэг аймшигт мэдээ байв. Английн хаан Чарльз III түрүү булчирхайн хорт хавдартай гэдгээ зарлан хаана ширээнээсээ буух тухай зарлаад удаагүй байтал бэр нь мөн адил мэдээ дуулгав. Тэд хэдхэн сарын өмнө Лондоны нэгэн хувийн эмнэлэгт цуг эмчлүүлсэн юм.
Бямба гаргийн өглөө Их Британи даяар томоохон сонин болгоны өнгө аяс түгшүүрт гарчигаар дүүрэн байв. "Таймс" сонин л гэхэд нүүрэндээ "Гүнж хорт хавдраа илчлэв: Би зүгээр байх болно" гэсэн гарчигтайгаар олныг тайвшруулах үзэл баримтлал бүхий тэмдэглэлийг онцолжээ. "The Sun" гэх шар хэвлэл гүнжид "Кэйт, ЧИ ГАНЦААРАА БАЙХГҮЙ", "FT Weekend" харин "Кэйт таамаглалыг зогсоов" гэх гарчигийг сонгов.
Өдгөө 42 настай Кэтрин эрүүл мэндээ хэдэн долоо хоног тасралтгүй оношлуулсны эцэст хорт хавдартай тэмцэж байгаагаа олон нийтийн хэрэгслээр мэдэгдсэн юм.
Хэн ч харсан түүний мэдэгдэл зоригтой алхам байв. Их Британид хавар болж, хийсэх навчсын дундах гудамжны сандал дээр суугаад өөрийн түүхийг тайвнаар хүүрнэсэн нь хэн бүхний сэтгэлийг зониход хүргэв. Түүний мэдэгдлээс чин сэтгэл, шударга байдал харагдсан.
Түүний туулж өнгөрүүлсэн зүйлийнхээ талаар илэн далангүй ярих нь хүчирхэг сэтгэлзүйтэйн илрэл боловч уг зоригтой үйлдэл нь өөрийн нөхөр Их Британийн хаан ширээг залгамжлагч ханхүү Уильямтай зөвлөлдсөний үндсэн дээр гаргасан шийдвэр гэнэ. Ингэснээр тэр хааны гэр бүлийн хоёр дахь хорт хавдартай хүнээр тодорч, хадам аавтайгаа хамт эмчилгээ хийлгэж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)