Өнгөрөгч баасан гаргийн үдэш Москва хотын "Крокус сити" концертын танхимд зэвсэглэсэн бүлэг этгээдүүд 110 гаруй хүний аминд хүрч, олон хүнийг шархдуулсан аймшигт үйл явдал гарсан. Эх сурвалжийн мэдээлснээр уг хэрэгтэй холбогдуулан дөрвөн сэжигтнийг баривчилжээ. Тэд бүгд Тажикстан улсын иргэд байсан ажээ. Тэгвэл уг үйл явдалтай холбогдуулан дэлхийн удирдагчид юу хэлж, ямар хариу үйлдэл үзүүлэв.
БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин
Тэрбээр өнгөрөгч амралтын өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд эмгэнэл илэрхийлсэн байна. Ши Жиньпин "Хятад улс терроризмын бүх хэлбэрийг эсэргүүцэж, террорист халдлагыг эрс буруушааж, Оросын засгийн газрын үндэсний аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамгаалах хүчин чармайлтыг тууштай дэмжиж байна" хэмээжээ.
АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жорж Кибри
Халдлагын дараах зургуудыг харахад сэтгэл шимширч, нүд халтирам байлаа. Нас барсан болон хохирсон хүмүүстэй бидний сэтгэл, зүрх үргэлж хамт байх болно.
Европын холбоо - 31 гишүүн орны удирдагчдын төлөөлөл
Үнэхээр гайхшрал, айдас дагуулсан өдөр байлаа. Европын холбоо үргэлж энгийн иргэдийн эсрэг хийсэн жигшмээр, буруу үйлдлүүдийг шүүмжилсээр ирсэн. Бидний санаа зовнил Оросын бүх иргэдтэй хамт байгаа.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди
Бид Москвад болсон аймшигт халдлагыг эрс буруушааж байгаагаа дуулгая. Бидний залбирал хохирсон хөөрхийлөлтэй иргэдийн ар гэрийнхэнтэй хамт байгаа. Гашуудлын энэ цаг үед бид ОХУ-ын Засгийн газар болон ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байх болно.
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон
Лалын улс бүлэглэлийг уг халдлагад буурууртай гэж харж байна. Тэднийг Францын ард түмэн эрс буруушааж байна. Франц улс хохирогчид, тэдний ойр дотны хүмүүс болон Оросын бүх ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж байна.
Түүнчлэн Герман, Афганистан, Норвеги, Куба, Итали, Япон, Венесуэл, Израиль, Палестины засаг захиргаа, Малайз зэрэг улс энэ халдлагыг буруушааж байгаагаа мөн илэрхийлжээ.
Путин юу хэлсэн бэ?
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн бямба гаригт Москвад болсон халдлагын хариуцлагыг хүлээх жинхэнэ эздийг бүгдийг нь илрүүлж, шийтгэнэ гэж мэдэгджээ.
Тэрбээр “Энэ хэргийн ард байгаа бүх гүйцэтгэгчид болон зохион байгуулагчид шударга шийтгэл хүлээх ёстой. Тэд хэн байхаас үл хамааран, хэн удирдаж байгаагаас үл хамааран бид энэхүү террорист халдлагын ард байсан бүх хүнийг илрүүлж, шийтгэх болно” гэж ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ дурджээ.
Халдлага үйлдэгчид Украин руу зугтахыг оролдсон гэж Путин мөн мэдэгдэв. Урьдчилсан мэдээллээр Украины зарим хүмүүс ОХУ-аас тэдний оргуулахыг завдсан байна.
Л.Сайнаа