Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос зохион байгуулдаг PDAC чуулга уулзалт гэрээ хэлцлийн "үржил шимтэй" цэг болов
Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос (PDAC) зохион байгуулдаг Олон улсын эрдэс баялгийн хайгуул олборлолтын чуулга уулзалт энэ онд цар тахлын өмнөх үеийн хамрах хүрээгээ сэргээж, уул уурхай, хайгуулын салбарт ирээдүйтэй бизнес, хөрөнгө оруулалт, танилын хүрээгээ тэлэх боломжийг эрэлхийлсэн нийт 23 мянга 819 зочин, төлөөлөгчийг Торонто хотноо хүлээн авлаа.
Чуулганы үеэр тус хотын “Metro Toronto” төвд 56 мянган м² талбайг хамарсан 1100 гаруй үзэсгэлэнгийн талбай нээгдсэний зэрэгцээ олон орны Засгийн газар, компаниудын төлөөлөл, тэргүүлэх экспертүүд 2023 оны чуулганыг PDAC-ийн 91 жилийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээг хамарсан арга хэмжээ болгож чадсан байна.
“Манай салбарынхан ахиц дэвшлийг түүчээлж, дэлхийг хамарсан сорилтуудыг давж, ирээдүйн боломжуудыг атган авахын төлөө чуулж, мэдлэгээ хуваалцаж, суралцахад урьд өмнө хэзээ ч байгаагүй нэн чухал тохиромжтой цаг ирээд байна. Эрч хүч, өөдрөг байдал "PDAC 2023"-аас илт мэдрэгдэж байна. Эрдэс баялгийн хайгуул, олборлолтын салбар томоохон өөрчлөлтийн, өсөлтийн үед орсон нь тодорхой харагдлаа” хэмээн PDAC-ийн Ерөнхийлөгч Алекс Кристофер өгүүлж байв.
"Newmont" , "BHP", "Glencore", "Rio Tinto" зэрэг дэлхийн уул уурхайн томчууд нэгтгэл, худалдан авалт, томоохон хөрөнгө оруулалтын сонирхлоо сэргээгээд байгаа энэ үед Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос зохион байгуулдаг PDAC чуулга уулзалт гэрээ хэлцлийн "үржил шимтэй" цэг болсныг дурдах хэрэгтэй. Мөн Засгийн газрууд уламжлал ёсоор энэхүү чуулга уулзалтыг томоохон мэдэгдэл хийх индэр болгон ашигласан бөгөөд тэр дундаас Канад улсын Байгалийн баялгийн сайд Жонатан Уилкинсон “Динамик, өрсөлдөх чадвар бүхий чухал ашигт малтмалын салбарыг хөгжүүлэх” ажлыг эрчимжүүлэхэд 344 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсноо зарласан нь онцлог байлаа.
Чуулганы гол индэрт “McKinsey & Company”-ийн Кен Хоффман, “Rio Tinto”-ийн Шинейд Кауфман, “Chalice Mining”-ийн Алекс Дорш нарын илтгэл хамгийн их анхаарал татав.
Чуулга уулзалтад 2006 оноос хойш тасралтгүй оролцож буй Монгол Улсын хувьд “PDAC 2023” цаг хугацааны хувьд ч ач холбогдлын хувьд ч онцлог байв. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул Уурхайн Үндэсний ассоциаци хамтран энэ удаагийн чуулганд оролцогч, хөрөнгө оруулагчдад зориулан “Монголын өдөр” арга хэмжээг зохион байгуулж, үзэсгэлэнгийн талбайгаа нээн оролцов. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Монгол Улсын ашигт малтмалын нөөц бололцоо, салбарын бодлогын шинэчлэлийн талаар илтгэл тавьсан бол уул уурхайн томоохон компанийн төлөөллүүд өөрсдийн төслүүдээ танилцуулж, хөрөнгө оруулагчдад хамтран ажиллах саналаа танилцууллаа.
Хөгжингүй улс орнууд хариуцлагатай уул уурхайг чухалчилж, хүлэмжийн хийг бууруулж, шинэ технологи ашиглахад гол анхаарлаа хандуулж буй энэ үед 2023 он асуудлыг шинэ түвшинд гаргах завсрын жил байна гэж Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд чуулга уулзалтын үеэр өгсөн ярилцлагадаа онцолж байв.
Сэтгэгдэл (2)