Өнөөдөр бол Дэлхийн яруу найргийн гэгээн өдөр билээ. Энэ өдрийг шүлэг, яруу найраггүйгээр төсөөлж үл болно. Бид та бүхэнд аав, ээж нартаа уншиж өгвөл баярлах 18 шүлгийг түүвэрлэн хүргэж байна.
"Аавуудад"
Яруу найрагч З.Сумьяабазар- Солгой хоолойтой дуучин байдаг
Хорвоо ертөнцийг буй чигээр нь
Тайз шиг санадаг
Солгой хоолойтой дуучин байдаг
Хамгийн уянгалаг дуунууд
Хоолой дээр нь эвдэрдэгч
Нулимс нь зөөллөж түрдэг
Хуучны өдрүүд эргээд ирчихсэн юм шиг
Дэргэд нь суухад л сэтгэл нь дуулдаг
Солгой хоолойтой дуучин байдаг
Хоногийн уртаар алсрах тусам
Аялсан дуу бүхэн нь үнэн байдаг
Дугараа эргэх бүрийд
Найрын хоймроос өндөлзөж
"Над шиг солгой юм шүү дээ" гэж хэлдэг
Солгой хоолойтой дуучин байдаг
Хорвоог өөрийнхөө нэрээр туулж дуусгаад
Хожим нь надтай цуг дуулсаар
Шарилын минь чулуун дээр
Нэр нь цуг бичигдэх
Солгой хоолойтой дуучин байдаг...
Яруу найрагч Ч.Ренчиндорж- Тэнгэрт хүрдэг толгодын зам
Өлмийгөөс эхэлж тэнгэрт хүрдэг толгодын зам
Өчигдөр аав минь түүгээр хатируулж явсан
Өнөө лав тэнгэр хүрээ биз
Өлмийдөө хүний мөртэй ганц хайлаас
Өвөр дээрээ нар тоссон үүртэй
Өвөөлж эргээд л зовлонт амь бүрэлдэхийг хүлээнэ
Өлмийгөөс эхэлж тэнгэрт хүрдэг толгодын зам
Өнө хожмоо түүгээр л алхвал аавдаа хүрнэ...
Яруу найрагч Ц.Доржсэмбэ- Өлзийтийн суурин
Дотно нандин бүхэн минь шаналгаат самуурлаар дуусч байхад
Шөнийн гийчин болж харанхуйд чинь би ирлээ
Нохдынхоо дуу шиг элэгсэг дотноор угт даа
Шуурган цастай нэгэн сарын Өлзийт минь
Хулгайч нь хүртэл ийм шуургаа зүхдэггүй
Хувь заяаны чинь нэгэн шөнөөр аяны үүргэвчтэй
Хашааны нөмөрт гэмтэн мэт зогсох надаас
Халуун сэтгэл хайх мэт салхи нь исгэрэн заам ярна.
Ай тэр гэрийн минь тооноор гэрэл үзэгдээд
Алиахан ээжийн энгэрт дүү минь үнэгчлэн байгаа
Атгасан гарт нь ч хайр шингэсэн аав минь
Амбаарынхаа дээврийг босгоод л амжжээ ганцаараа
Асаасан янжуурын улаан цог улалзуулан алхахыг минь
Араас дагах нохдын чинь дуу л бүхэнд илчилнээ, суурин минь...
Яруу найрагч А.Эрдэнэ-Очир- Зам
Ээж минь анх сүүгээр чулууг нь зөөллөж
Эцэг минь өргөсийг нь түүсэн цэцэгт зам
Үйлийн үрийн усанд эвдэгдсэн эхлэлтэй
Уулзахын баярт эгцэрч яараад
Хагацлын гунигт донсолсон донхолтой
Учир байдлын хорвоод гэнэн сэрэмжгүй төөрсөн
Униарт мушгиа хавцал дээр
Ухаантан тэнэг хоёр ээрсэн
Миний зам
Хажуу бургасанд гөрөөс янзагалж
Асга хаднаас янгир хальсан энэ замд
Хаврын толгод дунд ингэ гунганаж
Зээр зэрэглээ сүвлэн цахилсан энэ замд
Тал санаашрал намрын тэнгэр уйлагнаж
Тогоруу буцсан энэ замд
Тавилан заяаны харгуй дагаж
Ноход хуцсан энэ замд
Салаа гэзэгтэй охин амраг болон учирч
Үрийн баяр хотолж хамт алхая
Салхины буруу зүүдэнд аавыгаа алдаж
Нулимас хамт асгав
Сүүлчийн ганц дэлхий цагийн хязгааргүйд уусахад ч
Сүү татуулан гэрэлтэх тодын тод зам
Энэ миний хувьхан заяаны зам аа...
Яруу найрагч Г.Барсболд
Адууны хүн дууч тэмээний хүн хараалч гэнэм
Аавыгаа хэзээ ч дуулж яваагүй гэж бодохоор
Гол өвдөн сууна би...
Яруу найрагч Э.Бүжинлхам- Аав
Цас орж байна ээж ээ,
Хоёулаа аавын тухай ярих уу
Цантай цонхон цаана
Инээмсэглээд л зогсож байгаа юм шиг
Санагдаад байна,
Өөрийнх нь тухай дурсан ярихыг
Хүлээгээд л байгаа юм шиг
Өрөвгөр жаалхан болжморуудыг
Өвөртөө дулаацуулах
Өвгөн модны дүрээр
Ширтээд байгаа юм шиг
Санагдаад байна
Ээж ээ, та битгий уйл л даа
Эсвэл хоёулаа өөр зүйл ярих уу
Уйтгар гэдэг хуучрах тучмаа
Улам л гунигтай болдог юм байна
Тийм ээ? Ээж ээ
Сэтгэл гэдэг яг л газар шиг
Хавар бүхэн л
Ханзардаг юм байна
Тийм үү! Ээж ээ?
Ээж ээ, тээр хацар дээр чинь
Нулимс бөмбөрөөд зогсохгүй нь
Ингээд л би тандаа шүлэг бичиж
Зүрхэлдэггүй юм шүү дээ
Урагдаж байж л бичдэг
Энэ хэдхээн мөрийг үлдээхийн төлөө
Ургуулж өсгөсөн ижийгээ
Уйлуулчихдаг би мөн азгүй хүн ээ
Ээж ээ, ээж ээ
Хайр гэдэг нь энэ юм уу ээж ээ
Халуун, давстай, усан зүйл байдаг юм уу
Аавыг, алиахан гурван үрээ та уйлж хайрласан болохоор
Амт нь эсвэл надад ингэж санагдаад байгаа юм уу
Ээж ээ!
Ээж ээ, цас ороод л байна
Цаашаа таны тухай шүлэг бичье гэвч
Та уйлна гэхээр даанч надад
Хэтэрхий их гунигтай байна...
Яруу найрагч Б.Алтанхуяг-Аавдаа бичсэн шүлэг
I. Наадам тарж шувууд буцаад
насан өндөр хөгшид оршуулгийн зүг цуврана.
Нарийн хөх тогорууд цам харайж, цас будрах хүртэл
намрын сүнс уулын оройд завилна.
Шаргал дөл ассан талын дайд руу шувуу нисэхүйд
шанзны утас шиг зөрөгт цагийн амь хоцорно.
Алсрах жимд хүрээд хөлөө зөөх чадалгүй болсон ч
ааваасаа гэрэл авч ертөнцийг та нарт бэлэглэнэ.
Чөтгөр гүйсэн бэлчирт сүүмгэр гэгээ татах шиг
чимээгүйгээс төрсөн хүн хааш одох ёстой вэ?
Үзүүр нь булшлагдсан замын төгсгөлд хүрчихээд дараа нь
үүрдийн хоосон руу сарнихад сүнсийг минь хэн зөөх вэ?
II. Адуу зогссон газарт туулайн чих гэрэлтэж
аяа түүнийг л үргээчихвэл дотор хүн миньцээжнээс гараад
тэнгэр зүг төсөөллийн минь нарийхан харгуйгаар
тэнүүчилж одох вий гэхээс айж чимээгүй сууна.
Ер бусын нарийн хэмжээс дүрсэлж нисэх хараацайс
ертөнцийн чихэнд шүлэг шивнэхээр амь тавина.
Эцэс төгсгөлгүй мандах тал нутгийн нарнаас эрчим хүч аван
ижийнхээ зүүдэнд таныг хөтөлж очоод хүү нь одоо тайтгарч байна.
Амиа алдсан шувуудын чихэнд шивнэсэн мөрүүдээс
адуут их талын гайхамшиг бүхнийг мэдэрсэн
эд эсэнд орших эрх чөлөөний жигүүр минь
ижийнхээ зүүднээс цааш алхсандаа хэнд би талархах вэ?
III. Ад зэтгэрийн тамлалаас хүн болж төрсөн
аль эсвэл бурхны дүрийг хуулан мэндэлсэн
сүнс, амь хэмээх нэгэн томьёонд тодорхойлогдох
сүүн тэжээлтэн болж юу бүрэлдэснийг хэн ч мэдэхгүй.
Алгандаа хэрээний нүд атгасан зурмал бурхадын
альхан зүүдэнд нь сар тунгалагшин мандахыг
сүүн тэжээлтэнгүүд олж нээсэн зохиомол өдрүүдийг
сүх барьсан цаг хугацаа тас цавчиж зогсном.
Энэ л шийтгэлийн хойно эцгийнхээ гараас атгах
эрх чөлөөт жихүүн өвлийг хүлээн зогсоно.
Нарийн хөх тогорууд цам харайж, цас будрах хүртэл
намрын сүнс уулын оройд завилна...
Яруу найрагч Ш.Лхамноржмаа- Аав мод
Уур цан савсуулж, уулнаас ирдэг аавыг минь
Улс амьтан Бавгар Шагдар гэдэг сэн
Одоо ч гэсэн дээ хөөрхий, Бавгарын охин гэж
Ондоо зөөлнөөр дуудаад байдаг юм
Ээжийг минь хайрласан аавын хайр
Цээжний чанад үндэс ширэлдүүлэхэд
Энгэр дээр нь мод цэцэглэсэн гэдэг
Хүүтэй боллоо гэж хөөрөхөд нь
Хошуун дээр нь хушин ой бүрэлдсэн гэдэг
Үрсийнхээ баяслаар өөр дээрээ мод тарьж
Үйлийн шугуй зурваслан ургахад
Хэн нь ч юм бэ сахалт гэж
Хэлж нэрлээд заншчихсан гэдэг
Алаг чихрийн цаас цуглуулдаг
Арав хүрээгүй балчир насанд
Айлын ах нар намайг шоглож
Аав чинь муухай, сахалтай гэдэг сэн
Сахал биш ээ, “Яавлагны бургас” гэж
Сандран байж зөрдөг байлаа
Хүн шиг хүн болох гэж
Хүслээ зүрхэндээ ургуулж явахдаа
Үрдээ зориулсан гэрэлт моддын
Үр жимсээр нь тэжээгдэж байсан юм
Ач үрсээ мөчир дээрээ эрхлүүлсэн
Амьд цэцэрлэг аав минь байсан юм
Алдаж хазайвал навчсаа дэвсэх
Амин мод аав минь байсан юм аа
Шанх нь бууралтаагүй залуу аавыг минь
Цангасан бурхад залаад явчихсан юм
Шорвог хорвоогийн жамыг дагахдаа
Цэнхэр хөрстийн шархыг нөхсөн юм
Аав минь одоо мод болсон
Агнаж үргээсэн бүхнээ буцааж өгсөн
Хөлд нь үрэгдсэн цэцэгсээ цээжин дээрээ ургуулсан
Хөндлөн хөх шугуй болсон
Аав минь одоо мод болсон
Амраг хосуудын мод болсон
Намар оройн навчсан дунд нь хөлбөрөхөд
Нас нэмэх сэтгэл болсон
Аав минь одоо мод болсон...
Яруу найрагч Ш.Гүрбазар- Орчлонгийн дутуу
Орчлонгийн дутуу гэдэг ганцхан юманд л байх юм даа
Аавдаа би эрхэлдэг байсан
Аавдаа би эрхлэхдээ
Алтан гадасны од аргамжааг буулгаж
Зээрийн шагайгаа холбоё гэж
Аадрын сүүлчийн солонго барьж
Шилбүүрийн үзүүртээ уяя гэж
Үлгэр дуустал үүр цайлгахгүй гэж
Өлөн шүүдрийг өдөр өнжөөе гэж
Эрхэлдэг байсан элдэвлэдэг байсан
Ээждээ би эрхэлдэг байсан
Ээждээ би эрхлэхдээ
Өлзийт булгийн халгайны
Өргөс болгоныг түүлгэе гэж
Өвдөг шалбалсан чулууны
Өөрийнх нь уйлахыг үзье гэж
Намайг өсгөсөн өвөөгөө
Холоо явахад нь авчирна гэж
Намрын шувууг буцаахгүй гэж
Нуурын хөвөөнд тоглоно гэж
Ээждээ би эрхэлдэг байсан
Одоо тэгэхнээ
Алтан гадасны од
Аргамжааг буулгахаар
Аав минь явчихсан юм биш байгаадаа
Алга байна
Өлзийт булгийн халгайны
Өргөс болгоныг түүх гээд
Ижий минь ирээгүй юм биш байгаа даа
Эзгүй байна
Мөнх бусын орчлонгийн дутууг бүтэн болгох гээд
Миний хоёр буурал одоо эзгүй байна...
Яруу найрагч Ц.Хулан- Аавдаа
Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаан би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчиганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаана даа тэгвэл гэхэд
Санаснаар даанч болохгүй явна ааваа
Бүүвэйт хонгор эжийн тухай дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ
Амттан зөөлөн хоёроор бялууруулдаг муу ээжий минь
Айлын тавагнаас чихэр хармаалж шараа болгоно
Аав минь тэгэхгүй, алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ
Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнээ
Ээдрээт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж
Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунд анх гарахад
Сансарт хүүхэд нь нисэх юм шиг санаж ээж нар цацлаан өргөж гүйлддэг
Саахалт ороод эргэхийн юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг ээ
Адгаж ижий нар өдөржин радио шиг үглэнэ
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж Аав нар сумын үзель шиг хаа нэг дуугарна
Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээн аргагүй нэг айлгадаг
Битүүхэн дотроосоо нурж аав нар чимээгүйхэн өтөлдөг
Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг тэд
Үрс нь хөлөөн олтол цоо эрүүл болж жүжиглэдэг ээ
Ачийг тань хариулнаа би гэж олон жил би худлаа ярилаа
Ачийг нь гаргаж өгчихөөд харин нэг их гавьяатан шиг
Сөөг сөөг гэж хэвтүүлээд номхон тэмээг ноолуулах мэт
Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээ
Гараан өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх мэт
Гарцаагүй том алгаан дэлгэж та тэднийгээн хөтлөнө
Гариг дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа
Ганганасан хэдэн зээтэйгээ хэдэнтээ хэлд орно
Гадаа навчис унаж он жил биднийг унасан навч шиг орхиж
Гайгүй дээ би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна
Ганцхан зүрхний тань цохилт намайг зэмлэн лугшиж
Газар дээр аав минь хүртэл мөнх бусыг сануулдаг
Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овоглосон
Халуун зүрхний уярал хайр гунигийг чинь хүртэл өвлөсөн
Өргөстэй орчлонд бүдчээд уйлж суухын цагтаа хүү нь
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа...
"Ээжүүдэд"
1. Яруу найрагч Ц.Хулан - Ганцхан ээждээ унших шүлэг
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
"А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа…
Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана аа
Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла!
2. Яруу найрагч П.Бадарч - Эхийн сэтгэл
Ээж нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ
Ийм аймаар зүүд өдий насалтлаа үзээгүй ээ
Сааль сүүндээ дэвэлзэж явсан ч
Санаа сэтгэл минь дэгэлзэж байсан ч
Сарних бодлын үзүүрээс
Миний хүү гарахгүй юм аа
Сайхан шүлэг бичиж гэнэ, миний хүү
амьтан хүн уншиж гэнэ
Сайхан дуу зохиож гэнэ, миний хүү
радиогоор дуулж байна
Сайн явна гэнэ, миний хүү
аяны хүн хэлж байна
Муу явна гэнэ, миний хүү
амны зугаа ярьж байна
Аль нь ч надад ялгаагүй дээ
Амьд яваа чинь л эжийдээ
Алдар чинь юм шүү дээ
Ижий нь хүүгээ их санах юмаа
Араг, савар хоёроо зөрүүлэн байж чамайг боддог
Аргал, чулуу хоёрыг андууран байж би хүүгээ санадаг даа
Алгаа алга, миний хүү
Тэмээ тэмээ цагаан үүлийг
Тэндээ царцтал би харлаа
Тэнгэрийн цагаан хаяанд
Цав суутал хүүгээ ширтлээ
Ижийдээ ирсэнгүй ээ
Хүний хүү эжийдээ ирж гэнэ
Гол усаар л нэг найр наадам болж байна
Миний л хүү болохоор шоронд орж гэнэ
Голыг минь хойхлон хэлж байна
Аа яадгийм ороо л биз,
гадагшаа би хүүгээ өмөөрлөө
Ам нь цангаж байгаа даа, муу хүү минь
дотогшоо би өмөлзлөө
Гал шиг залуу явахад
үсэрсэн оч минь юм сан миний хүү
Ганц бие зандан явахад
тасарсан навч минь юм сан миний хүү
Алаг бөмбөлөг эрдэнэ
Алган дээр байна гэж
зөгнүүлж ирсэн ганц хүү минь юмсан
Алтан бэлзэг газраас олоод
Амандаа үмхтэл залгичихлаа гэж
зүүдлүүлж олдсон ганц үр минь юмсан
Ядаж яваа юм бол миний хүү
тэнэж яваад юу хийхэв, ижийдээ хүрээд ир
Ядарч яваа юм бол миний хүү
тэнд байгаад яахнав, ижийдээ л хүрээд ир
Хүний нүдэнд бол
Хөгцтэй хад шиг
хөх толгойтой хөгшин хүү минь
Ижийнхээ нүдэнд бол
Манцуйдаа дэрвэх
мяндас цагаан хүү минь ижийдээ ир ээ
Хөхөөрөө чамайг даллая
Үхэхээрээ чамайг айлгая
Миний хүү ижийдээ ирээ
Ухаантай даа миний хүү…
Унага шиг ижийдээ давхиад ирээ… Гуруй гуруй.
3. Яруу найрагч Ш.Гүрбазар
Ээжээ та хүүдээ гомдодгүй биз дээ
Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ
Ээжээ үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж
Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа урьтаж
Гадаа гэртийн хооронд
Гарын хариу баривал болж л байна л даа ээжээ
Гэлээ ч ижий минь та
Гарынхаа дэргэд гар
Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж
Намайг төрүүлээгүй болохоор
Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор
Урт холын бодол минь
Тулганы захаас хол байдаг юм шүү ээжээ
Ээжээ та хүүдээ гомдоогүй биз
Хүү чинь уул өргөж таныгаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү
Нэг л өдөр зай чинь ханхайж
Нэгний өглөө хацар эзгүйрнэ гэж
Бодож чаддаггүйдээ
Үрийнхээ нүдэнд их өтөлж
Үлгэсэн мээмээ ширгэсэн гэж бодож чаддаггүйдээ
Буянтай таныхаа ачийг би
Буцах гийчний бэлгийн хариу шиг яараагүйдээ алдаж мэдэх юм aa
Гэлээ ч миний намхан ижий та
Хүүдээ битгий гомдоорой
Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү
Ээжээ та хүүдээ гомдоогүй биз дээ
Хайртай ээж таныгаа би мөнхийн мөнхөд хайрлая
Будан суухаас нь өмнө тэнгэрээ аргадая
Буурал нөмөрхөөс нь өмнө ижийгээ хайрлая aa
Мөчөө тэнцүүлж өндийн хөлд орохын цагт
Мөөмөнд нь байсан сүү сэтгэлд нь шингэдэг ижий минь
Мөрөө цувуулж тамгалан хүн болохын цагт
Сэтгэлд нь багтаагүй сүү санчиганд нь гэрэлтдэг ижий минь ээ
Би боддог юм, зүүн уулын солонго нь баруунаа татсан ч яахав
Зүүдлээд сэрхэд, ижий минь дэргэд минь л байвал жаргалтай гэж
Би хүсдэг юм өдөр өдрийн аашинд нь уйлж дуулах минь ч яахав
Өмөлзсөн хушуугаа би ижийдээ үнсүүлжил байвал жаргалтай гэж
Би мөрөөддөг юм дутуутай хатуутай хорвоод нь
Бүтэн жаргаагүй ч яахавдээ
Дууны мөнхийн эхлэл шиг миний ижий
Дэргэд минь л байвал жаргалтай гэж би залбирдаг юм
Үүдэн гурван сараас нь нэг нь дутсан ч яахав дээ
Үлгэрийн төгсгөл шиг миний ижий
Үрдээ харагдаж байвал жаргалтай гэж
Би ижийнхээ тухай дуулж, ижийнхээ тухай шүлгэлж
Тэнгэр мэт бурхан мэт ижий таньдаа
Дуун өргөлөө өргөж байна ижий минь ээ.
4. Яруу найрагч Б.Лхагвасүрэн
Хавийн уран эгч нарын оёсон дээлний
Ханцуй суганы ухлаадас нийлүүлж
Эрээн дээл буруу энгэртэй шагласан
Эхийнхээ сэтгэлийг эргэж одоо бодохнээ Эх бүхний хайрыг цуглуулж
"Энхрий" үрдээ өмсгөсөн байж...
Хөх бүхний цагаан сүүгээр
Хөрст дэлхийд аргамжсан байж...
Гантай жилийн сүүл мушгиж төрсөн
Галы нь тойрон мөлхөж өссөн
Ганц хүүгээ гэсэн
Дэндүү их хайраа
Дээлний буруугаар далдалж
Дотоод хойрмойны нь шидээсийг
Дутуу татаж авчээ
Илүү үзэх,нүдний хор
Эвий дэвсэх худалаа хөөрхийгөөс харамлаж
Хайнга юм шиг хандаж
Хайраа бас нуужээ
Хүйсий минь хүртэл төөрүүлж охин гэж
Хүний чихнээс нэрий минь нуужээ.
Үргэчихэв вий! Чигчий үр минь! гэж
Үнсэхээ хүртэл цөөлжээ
Зөв энгэртэй дээлэнд дасахгүй
Зөндөөн юмаа буруу өвөртөлж хаясаан! Би
Далай эх хайрыг чинь буй чигээр нь мэдэрсэн бол
Даанч танхил хүү чинь өөрийгөө ч гэсэн гээх байж...
Далд хайр
Холын ухаан
Дэлхийд намайг тулсан
Цагаан тэнхлэг...
5. Яруу найрагч Л.Өлзийтөгс
Ээждээ зориулж чадах цор ганц шүлэг
Ээж минь
Миний ээж
Ээж минь дээ
Ээж минь
Миний л ээж
Миний сайхан ээж
Сайхан ээж
Бурхан минь, хичнээн хайртай...
6. Яруу найрагч Б.Эрдэнэсолонго - Ээжээ санана
Ээжээ санана
Ээж ээ , таныг санана
Хавар болохоор санана
Шүд өвдөхөд санана
Өвс ургахад санана
Муу хэлүүлэхэд санана
Муу явахад санана
Сайн явахад санана
Сайнаар хэлүүлэхэд санана
Ээжээ санана
Ээж ээ, таныг санана Гөлөг харахаар санана
Шувуу нисэхээр санана
Үдэш болохоор санана
Зүүд зүүдлэхээр санана
Зүг зүг рүү харахаар санана
Нар гарахаар санана
Сар гарахаар бас санана
Сар гарахгүй байсан ч санана
Ээжээ санана
Ээж ээ, таныг санана
Хол явахаар санана
Даарахад санана
Дандаа санана …
Гадаа гудамжинд санана
Ганцаардахад санана
Уур хүрэхээр санана
Нойр хүрэхээр санана
Уйлаад санана …
Намар санана
Зун санана
Насаараа санана
Ээжээ санана
Ээж ээ, таныг санана...
7. Яруу найрагч Б.Галсансүх - Ээждээ
Үгээрээ залуурдаж үйлээрээ хөтөлсөн
Үггүй ойлгуулж харцаараа ухааруулсан
Сүүгээрээ тэжээж чадлаараа өсгөсөн
Совингоороо мэдэрч ерөөлөөрөө хамгаалсан
Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа.
Зүрхээрээ шаналж зөвлөж дэмжсэн
Зүүдээрээ манаж зааж сургасан
Урмаар тэтгэж бурмаар шагнасан
Ухаанаар ялж итгэлээр зоригжуулсан
Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа.
Нулимсаараа зэмлэж инээдээрээ баярлуулсан
Насаараа зовж араас минь санааширсан
Бүдрэхэд минь түшиж бухимдахад минь аргадсан
Буян хурааж бусдын төлөө насаа нэмсэн
Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа.
8. Яруу найрагч Р.Чойном - Миний шүтээн
Холын бүдэгхэн цагийн
Хонины нэхийн өлгий чи
Энэ хорвоод юуг шүтдэг юм бэ гэж
Эзнээсээ одоо асуу
Тохойн чинээхэн нялх уед минь
Толгойн дээр зүүлттэй байсан
Эсгийгээр хайчилсан үнэг чи
Эзнээсээ одоо асуу
Шүтлэгтэн биш гэлээ ч би
Шүтдэг ганцхан шүтээнтэй
Огторгуй тэнгэрт би шүтдэггүй
Одон гаригт би шүтдэггүй
Омголон догшин байгалийн сүрт үзэгдэлд би шүтдэггуй
Олны хэл ам, хараал ерөөлд би шүтдэггүй
Нүд аньж хувь тавиланг би шүтдэггүй
Нүгэл буян, бурхан чөтгөрийг ч шүтдэггүй
Би эмэгтэй хүнийг шүтдэг
Би эх хүнийг шүтдэг
Би ээжийгээ шүтдэг
Би гагцхүү би гэдэг дотоод сэтгэлийг минь
Биеийг минь, хүчин чадлыг минь
Биштэд итгэх итгэлийг минь бүтээсэн
Аугаа их тэр уран хүнд
Амьд баримал, амьд зураг, амьд дууг бүтээж
Бурхан багшаас ч ид чадлаараа давсан
Буурал үстэй бяцхан эмгэний өмнө
Өөрийн эрхгүй өвдөг сөхөрнөм.
Он цаг, хүмүүс хоёрыг бүрхэг байх үеэр
Онгон элгэндээ намайг тэвэрч өсгөсөн юм ижий минь
Онгойж үлдсэн аавын минь орон дээр
Яруу найргийг бүүвэйлж өсгөсөн юм ижий минь.
Учирсан бэрхийн өмнө унаж сөгдөлгүй
Улирсан сар жилүүдийн хойноос уйлж унжилгүй
Хэлхээ сувдан нулимсаа бүүвэйн дуу болгож
Хэнтий нутгийн боржигон тал дунд
Айлын ганц багана болж явахдаа энэ хүн
Арай ч ийм эмгэн байгаагүй юм
Өнөө харахнээ намрын навч шиг
Өчүүхэн шар эмгэн.
Намрын навч шиг өчүүхэн шар эмгэн
Намрын навч шиг биш хаврын цэцэг шиг
Найган дэлгэрч явсан юм
Найган дэлгэрч явсан хаврын цэцгийг хаврын цэцэг байхад
Наян нэгэн сүлжээ хархан гэзэг нь одоогийн бүсгүйн булчин шиг байхад
Нас нь залуу шүд нь бүрэн ухаан нь саруулхан байхад
Нар шиг залуус сар шиг гэрэлд нь эрвээхэй шиг эргэж хоргож байхад
Алтан дэлхийн бүсгүй хүний
Адармаатайхан хувь заяа
Ард гаралтай энэ хүнээр
Арай хатуу тоглосон юм
Гал цог шиг залуу насны
Ган төмөр шиг бие цогцос
Ганган үзэмж, онгон хайрыг
Гар таталгүй хайрласан мөртлөө
Хамтад нь бас хар толгойг нь цагаан болтол нь
Хайрын сэтгэлээр үүрд өнчрөх
Хатуу тавилан заяасан байна
Эс танихаас панзчин шиг
Эрхэм дотноос архичин шиг
Элдэвтэй хорвоо миний ижийгийн
Элэг зүрх рүү цөм өшиглөж
Эрийг нь булааж, гэрийг нь хоослоод
Энхрий үрсийг нь тэврүүлээд
Ээрэм талын хөдөөгийн нэгэн өвөлжөөнд
Эргэн харалгүй орхисон байна.
Цаг өөр байж
Цагаан гурил үйтэн хуарнаас үнэтэй байж
Цай алт шиг, талх мөнгө шиг байж
Цатгалан панзчид эзэн хаан шиг байж
Бугуйвч бөгжнийх нь оронд
Будааг шанагаар биш ширхэгээр нь тоолох дөхөж байж
Ээмэг даруулганы нь оронд
Эрээн даавууг уртаар нь биш утсаар нь хэмжих шахаж байж
Тэгэвч Монгол хүний сайхан сэтгэлийг тэр дайн
Цуст шанагаараа хэмжиж чадаагүй юм
Тэвчээр, эхийн итгэл хоёрыг
Тэр жилүүд шуугиант зээл дээрээ худалдаж амжаагүй юм
Эрчүүдийн худал үнэн үгэнд итгэж
Эрдэнэ болсон залуу насаа худалдаа нь үгүй ижий минь
Хуруугаа цоортол, нуруугаа бөхийтел ажил хийж
Эргэх дөрвөн улиралд орон гэрээ ганцаараа тэжээсэн юм.
Хүйтэн харанхуй шөнө хотны захад чоно улихад
Хүүхдүүдээ айлгахгүй юм шүү гэхдээ өөрөө айгаагүй юм шиг дүр үзүүлж
Сүх барин сууж
Тэсэхэд бэрх салхи шуурганаар жагтагнаасаа зуурч
Тэнгэр ниргэсэн ширүүн мөндөрнөөр үр хүүхдээ харамлан халхалж
Тэмээгээр орон газар очин чихэр авчирч
Тэр жилүүдэд биднийг юугаар ч дутаалгүй хүн болгосон юм
Бид инээж баясаж, хөөрч элэг бүтэн өсөцгөөсөн юм
Биднээс нуугдаж харин хааяа ижий минь уйлж биднийг хүн болгосон юм.
Ээжийнхээ зовлонг мэдэхгүй бид байн байн л аавыгаа нэхэж
Элэг зүрхнийх нь шархыг урж, хөндөж хүн болсон юм
Гэвч амьдралд өвдөг сөхрөлгүй
Гэрийнхээ ганц алтан багана болж
Гэрэлт хөшөө мэт бат зогсож чадсан юм ижий минь.
Одоо больж дээ зайлуул
Ой ухаан нь уймраа, аймхай болж
Олон үгтэй, амархан баярладаг, амархан гомддог болж
Оочсон цайндаа цацдаг, үмхсэн хоолондоо зогисдог болж
Үг хэлэхээр буруу дуулаад л хатуурдаг болж
Үнс бужигнуулж зуухны өмнө хөөрдөг болж
Үүлэн сүүдэр дайрахад даардаг болчихож
Үдийн цай холдохыг даадаггүй болчихож.
Ийм хүн байгаагүй юм шүү дээ гэж
Ижийгийн тухай бүх хүн ярина
Ийм хүн байгаагүй нь үнээн
Ийм болгосон хүн нь би байна.
Гэвч чи намайг ийм болгосон шүү гэж
Гэмлэж зэмлэж нэг ч удаа хэлээ нь үгүй
Тэнгэр шиг уужим тэвчээртэйд нь
Тэнгис шиг гүн нинжин сэтгэлтэйд нь
Эгэлийн эгэл энэ хүнийг би шүтдэг юм.
Энхрий сэтгэлтэн олончиг надад миний ижий шиг байгаа ч билүү
Эх хүн олончиг намайг миний ижий шиг хайрлаа ч билүү
Эр бие эндэж тэнгэрт тулмаар хэрэг дэгдээвч
Эрх багынх шиг минь уучланхан суудаг
Эвдэрч хүний нүдний булай болсон ч
Эвий дээ эрдэнэ мэт үр минь хэмээн энхрийлэн байдаг
Энэ миний шүтээн.
Өсөхөөс өдий болтол өвдөг сөхрөөгуй
Өнө мөнх миний ганц шүтээн
Өнөөдөр намрын навч шиг болсон
Өчүүхэн шар эмгэн ижий минь миний шүтээн.
Өөр би юуг шүтэх юм бэ?
9. Яруу найрагч А.Сайханбаяр - ЭЭЖДЭЭ
1.Тэнгэрийн одонд ижий минь ойрхон суугаа
Тэр хавьд нь туулай саран мэлтийн байгаа
Туульс хайлах шөнийн хуурын чавхдас уйлаад
Тунгалаг салхи сэвэлзээд намуухан байгаа.
Үүлэн олбогтой өнгөгүйн дунд хөвж яваа
Үсэн ширхгээр цаг хугацаа урсаад
Үүрдийн аниргүйд үл ялигхан мишээгээд
Тэнгэрийн оронд ижий минь ойрхон суугаа ...
2.Тээглэх үүлгүй тэнгэрийн, ягаан үүд сөхөөтэй байхад
Таньруугаа очиж болохгүй тэрсүү тавилан юм.
Үзгэнд хорогдсон өнчин сэтгэл минь
Сараачиж дуусахгүй шүүдэрт хорвоо минь
Солонго сарниаж салхиар тоглох ганцаардал минь
Сар, од, тэнгэрийг тэвэрсэн мөнхийн мөрөөдөлтэй
Санахын их зовлонд суумал орчлон минь багадах юм.
Ижий минь оддыг хос хосоор нь хэлхэж дуусахад
Үзгээ орхиод би огторгуйн хэсэг болно.
Үүлэн олбогтой таныхаа өлмийд хүрч
Үсэн ширхгээс тань цаг хугацааг түүх болно.
Уйдсандаа буцаагүйг хорвоо минь соёрх,
Улаан хавтастай дэвтрээ би орхиж...
Тэр цагт хүсэл тань бүтэн болж
Тийм анирхан учралд хагацал минь бүтэн болно оо...
Тэнгэрийн одонд ижий минь ойрхон суугаа
Тэр хавьд нь туулай саран миний нүдээр ширтэж,
Миний нүдээр нулимс унагаж байгаа...
10. Яруу найрагч Жа.Баяраа
Алтанхан өвсний дороос
Аргал хомоолхон түүдэг
Тогоруу шиг ижийгээ санана...
Л.Сайнаа