Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 2.4 (78.4 хувь) их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 5.1 их наяд төгрөгт хүрч, 2.3 (83.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.
Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ мөн сард 3.8 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Татварын орлого дээрх хугацаанд 4.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 2.3 (88.2 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 1.1 (2.4 дахин) их наяд, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 521.4 (2.7 дахин) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 260.5 (43.5 хувь) тэрбум, онцгой албан татвар 106 (2.1 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Энэ оны эхний 2 сард татварын орлогын 40 хувийг орлогын албан татвар, 17.6 хувийг НӨАТ, 11.5 хувийг нийгмийн даатгалын орлого, 4.8 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 4.1 хувийг онцгой албан татварын, 22 хувийг бусад татвар, төлбөр, хураамжийн орлого эзэлж байна. Орлогын албан татварын 80.4 хувийг ААНОАТ, 19.6 хувийг ХХОАТ-ын орлого бүрдүүлжээ.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ өнгөрсөн хоёр сард 3.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 994.8 (36 хувь) тэрбум төгрөгөөр өсөв. Үүнд бараа, үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеийнхээс 536 (91.8 хувь) тэрбум, хөрөнгийн зардал 425 (2.9 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Нийт зардалд хөрөнгийн зардлын эзлэх хувь оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеийнхээс 9.3, бараа үйлчилгээний зардал 8.9, хүүгийн зардал 0.1 нэгж хувиар нэмэгдэж, харин урсгал шилжүүлгийн эзлэх хувь 18, татаас 0.3 нэгж хувиар багассан аж.
Сэтгэгдэл (2)