Соёлын яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын хэмжээнд дүрслэх урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн их сургууль болон Ерөнхий боловсрол, тусгай дунд, лицей сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд “Уран харандаа” таталбар зургийн улсын уралдааныг 2024 оны 03 дугаар сарын 16-аас 19-ны өдрүүдэд “Хүүхдийн урлан бүтээх төв”-д зохион байгуулав.
Тус уралдаан нь “Таталбар зураг” нэрээр СУИС-ийн Театрын Урлагийн Сургуулийн “Тайз, дэлгэцийн зураг” хөтөлбөрийн оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг байсан бол 2024 оноос эхлэн цар хүрээг нь өргөжүүлж, цаашид улсын хэмжээнд зохион байгуулж байхаар болж байна.
Уралдааны хүрээнд СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Тайз дэлгэцийн зураачийн ангийн оюутнуудын зурж, бүтээсэн жүжгийн жижиг хэрэглэл, макет, тайз болон дүрийн эскиз, уралдааны хоёр ангиллын шилдэг оролцогчдын таталбар зургуудаас бүрдсэн үзэсгэлэн дэглэж олон нийтэд толилуулснаас гадна “Таталбар зураг”, “Жүжгийн дүрийг хэрхэн зурах”, “План зураг”, “Театрын зураачийн онцлог” сэдвээр нээлттэй хичээл зохион байгууллаа.
Уралдааны оюутны ангилалд 7 сургуулийн 45 оюутан, ЕБС-ийн ангилалд 12 сургуулийн 55 сурагчид оролцож авьяас чадвар, оюун ухаанаараа өрсөлдсөн юм.
Уралдааны шүүгчээр Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Н.Орхон, УДЭТ-ын ерөнхий зураач Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Ганхуяг, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Б.Насанцэнгэл нар ажиллажээ.