Фантастик продакшны шинэ уран бүтээл болох "Зура3 Цэвэрлэгээ" нээлтээ хийгээд ердөө арав гаруй хонож буй. Тус кино Фантастик продакшны 17 дэх дэлгэцийн бүтээл бөгөөд нээлтээ хийсэн даруйдаа урлаг судлаач, кино шүүмжлэгчдийн нүдэнд өртөөд эхлэв. Үүний зэрэгцээ үзэгчдийн сонирхолыг тун ихээр татаж буй. Мөн нээлтээ хийсэн даруй дөрөв хоногийн дотор 66,939 хүн үзэж кинон театрын дээд рекорд тогтоогоод байгаа билээ. Иймд уншигч та бүхэнд "Зура3 Цэвэрлэгээ"-ны тухай сонирхолтой мэдээллийг хуваалцаж байна.
-Шинэ адал явдал-
"Зура3 Цэвэрлэгээ" кино "Зура-2" киноны үргэлжлэл биш гэдгийг уншигч та бүхэн аль хэдийн мэдсэн гэдэгт итгэлтэй байна. "Зура-3" кинонд цоо шинэ адал явдал өрнөх бөгөөд өгүүлж буй санаа нь тун өвөрмөц. Найруулагч, зохиолч бүр барьж авахгүй сэдвийг ойлгомжтой байдлаар үзэгчдэд харуулахыг зорьжээ. Фантастик продакшн киноны өгүүлэмж, сэдвээрээ бусад уран бүтээлчдээс ялгардаг. Тэгвэл тэд уран бүтээлдээ үндэсний аюулгүй байдал, улс төр, эх орны тухай шинэ шинэлэг өнцгийг тусгадаг билээ.
Энэ удаад "Родиум" гэх тун сонирхолтой элементийн талаар гарах ба түүнийг тойрсон адал явдал өрнөх аж.
Дүрүүдийн амнаас гарч буй үгс ганц хоёрхон үгэнд, ганцхан өгүүлбэрт киноны утга санаа агуулагдаж байв. Тэгвэл "Зура-3" киноны шинэ адал явдал уншигч таны төсөөлөлтэй хэр нийцэх бол?
-Сонирхол татахуйц дүр сонголт-
"Зура3 Цэвэрлэгээ" УСК жүжигчдийн бүрэлдэхүүнийг гаднын алдартай жүжигчин Jacky Kam болон цоо шинэ жүжигчин Б.Ганболор нараар дүр бүтээлгэн улам баяжуулжээ. Үүнээс гадна Монголын урдаа барьдаг жүжигчдийн сонирхолтой хослолыг дэлгэцнээ харуулж чаджээ. Тэр дундаа жүжигчин Э.Тодгэрэл, Т.Бархүү нарын дүрүүд үзэгчдэд ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн талаар нийгмийн сүлжээнд бичсээр байгаа. Харин "Зура2: Цурам ажиллагаа" кинон дээр Галзуу Ганаагийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Барслхагва энэ удаа ч мөн тус киноны дүрээр эргэн ирсэн бөгөөд үзэгчдэд сөрөг дүрийг чадварлагаар бүтээсэн нь сайшаагдсаар байна. Харин "Зура" 1, 2 кинонд огт оролцон тоглоогүй байсан Фантастик продакшны жүжигчид болох М.Баярбат, Э.Алдар нар бөгөөд тэд "Зура3 Цэвэрлэгээ" кинонд харин дүр бүтээн оролцон тогложээ.
-Сүүлийн үеийн техник технологи-
Фантастик продакшны шинэхэн уран бүтээлийн зураг авалтын тухай бичихийн өмнө тоног төхөөрөмжийг дурдах нь зүйтэй юм. Тэд шинэ шинэлэг бүхнийг эрэлхийлдэг хүмүүс. Тиймдээ ч шинэ уран бүтээл бүртээ шинэлэг зүйлсийг агуулуулахын зэрэгцээ тоног төхөөрөмжийн хүчин чадлыг ч мөн орхигдуулсангүй. Кино уран бүтээлч, зураглаачид амьд мэдэржийг үзэгчдэд мэдрүүлэхийг зорьдог. Иймд Фантастик продакшны өмнөх уран бүтээлүүд төдийгүй Монголын кино урлагт урд өмнө үзэгдэж байгаагүй камерын өнцөг шийдлүүд, уран зураг шиг байгалийн үзэгдлүүд зэрэг нь нүд баясгам тансаг.
Ерөнхий зураглаачаар Г.Гүеэнбаатар ажиллажээ. Тэрбээр Маш нууц, Байтаг богд, 37-р Точко, Зура 1,2 киноны ерөнхий зураглаачаар ажилласан юм.
-Монголын кино урлагт нэг шат ахиулсан зураг авалт-
Нүд баясгам, шар үс босгом, уулга алдуулам, суудлаасаа өндөлзүүлэм үзэгдэл зураглалууд киноны турш үргэлжилнэ гэдгийг уншигч танд юуны өмнө хэлье. Тэр бүх үзэгдэл дундаас тулааны хэсэг үзэгчид, кино шүүмжлэгчдийн хүлээлтийг хэдэн төө давав. Гэсэн хэдий ч хэт их тулааны хэсэгтэй хэмээх шүүмжлэлийн энэ арав хоногт дагуулаад буй.
Зарим тулаантай киног харцаа буруулан байж үзсэн тохиолдол цөөнгүй бий. Харин Фантастик продакшны хамт олон үзэгчдийн нүдийг өвтгөхгүйгүйгээр тулааны хэсгүүдийг чадварлаг харуулжээ. Хуруулах харуулахдаа бодит байдалд ойртож, амьд мэдрэмжийг үзэгч танд мэдрүүлэхээр зэхжээ.
-Чадварлаг найруулагчийн бүтээл-
Кино зохиолчид, найруулагчид хувь хүнийхээ хувьд хэн болох, сэтгэлзүйн хувьд ямар зөрчил, эмзэглэлийг агуулж явдаг хүн юм гэдгээс тухайн найруулагчийн бүтээлүүд төрдөг мэт. Тэгвэл найруулагч Б.Тамирын хувьд эх орон, хайр, эр зориг, итгэл үнэмшил, шударга ёс түүнд хамгийн ойр, яах аргагүй түүнийг хөглөж чаддаг сэдэв бололтой.
Мөн дүр хувиарлалт, жүжигчдийн сонголтыг найруулагч Б.Тамир оновчтой сонгожээ. Тэрбээр “найруулагч хүн уран бүтээлээрээ дамжуулж нийгэмд хүргэж чаддаг нь хамгийн сайхан. Уран бүтээл нь сайн болж, хүнд хүрч чадвал нийгмийг ч тодорхой хэмжээгээр өөрчлөх боломжтой” гэж үздэг. Тиймдээ ч илэрхийлж буй санаагаа нягт нямбаа дүрслэл, өгүүлэмжээр илэрхийлдэг хүн.
Тэрбээр хамгийн анх “Амингоо” богино хэмжээний киноны ерөнхий найруулагчаар ажиллаж байв. Үүнээс хойш “Аз жаргалын шок”, “Миний ах атаман”, “Маш нууц”, “Зүрхний хилэн”, “37-р Точка”, “Зура” зэрэг УСК-нуудын ерөнхий найруулагчаар ажилласан бөгөөд “Шилдэг найруулагч”-ийн шагнал хэд хэдэн удаа хүртсэн билээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)