Бямба гарагт Исландын Рейкьянес хойгт галт уул дэлбэрсний улмаас дэлхийд алдартай Цэнхэр нуурын хот болон ойролцоох Гриндавик хотын иргэдийг нүүлгэн шилжүүлсэн тухай орон нутгийн олон нийтийн "RÚV" телевиз мэдээлэв.
Лава хоёдугаар сарын 8-нд болсон галт уулын идэвхжилтийн үетэй адил Гриндавик хотын хойд зүг рүү хурдацтай урсаж байгаа гэж Исландын цаг уурын алба мэдээлэв. Халуун лаав мөн Гриндавикурвегурын зам буюу Гриндавик руу хүргэдэг гол зам руу урсаж байна.
Энэ нь ойролцоогоор гурван километрийн урттай байгаа юм. Гэсэн хэдий ч Гриндавикийн захиргааны босгосон лаавын эсрэг аюулгүйн хаалтууд үр дүнгээ өгч байгаа сурагтай. Тийм ч учраас галт уул дэлбэрснээс хойш бүс нутгийн чухал дэд бүтцүүдэд ямар нэгэн хохирол учраагүй гэж Исландын иргэний хамгаалалтын агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Хёрдис Гудмундсдоттир Ням гарагт CNN-д мэдэгдэв.
Лаавын эсрэг аюулгүйн хаалтууд өөр тийш нь чиглүүлсэн учир хотод шууд аюул заналхийлсэн зүйл байхгүй. Мөн Исландын бусад хэсгүүдэд оршин суугаа иргэдэд аюулгүй гэж хотын захиргаанаас мэдэгжээ.
Исландын олон улсын гол нисэх онгоцны буудал болох Кефлавик болон бусад бүс нутгийн нисэх буудлууд бүрэн ажиллагаатай хэвээр байна. Гэсэн хэдий ч Ням гарагт нисэх онгоцны буудлын ойролцоох хотод галт уулын хий илрэх төлөвтэй байгаа тул болгоомжтой байхыг сануулжээ.
Л.Сайнаа