Оросын арми Бохдан Ермохиныг 2022 оны хавар Украины эзлэгдсэн Мариуполь хотоос албадан гаргаж , засгийн газрын онгоцоор Москвад хүргэж, асран хүмүүжүүлэх газарт шилжүүлжээ. Түүнийг нийслэлийн ойролцоох эх орончдын лагерь руу илгээж, төрийн далбаа барьсан ажилтнууд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг магтахыг тушааж, түүнд үндсэрхэг дуу заахыг оролдсон байна.
Украины өсвөр насны хүүд Оросын паспорт олгож, орос сургуульд явуулсан. Тэгээд 2023 оны намар, 18 нас хүрснийхээ дараахан удалгүй тэрбээр Оросын цэрэг татлагын газраас зарлан дуудах хуудас авчээ.
Одоо Украинд буцаж ирээд Киевт хүнд хэцүү зовлон зүдгүүрээ даван туулж байгаа Ермохин CNN-д хэлэхдээ, энэ нь түүнийг өөрийнх ард түмнийхээ эсрэг тулалдуулах гэсэн Оросын таагүй бодлого байсан гэжээ.
Оросууд түүнд "Украин ялагдаж байна. Чамайг шууд дайнд явуулна" гэж хэлсэн. Харин тэр хариуд нь "Би тэднийг дайнд явуулах юм бол Оросын төлөө биш, эх орныхоо төлөө тулалдана хэмээн хэлсэн” гэж тэр хэлэв.
Ермохин Орос руу аваачсан "Мариуполь 31" гэж нэрлэгддэг хүүхдүүдийн нэг хэсэг байв. Украины эрх баригчдын тооцоолсноор 2022 оны хоёрдугаар сард Орос Укриан улс руу бүрэн хэмжээний халдлага үйлдэж эхэлснээс хойш 20 мянган хүүхдийг Орос руу албадан зөөвөрлөсөн байна.
Албан ёсны статистикийн дагуу 2,100 гаруй хүүхэд ор сураггүй алга болсон хэвээр байгаа ч засгийн газар бодит тоо үүнээс хамаагүй өндөр байж магадгүй гэж мэдэгджээ.
Өнгөрсөн гуравдугаар сард Олон улсын эрүүгийн шүүхээс Путин болон ОХУ-ын Хүүхдийн эрхийн комиссар Мария Львова Белова нарыг Украины хүүхдүүдийг хулгайлж, албадан гаргахад үүрэг гүйцэтгэсэн гэх үндэслэлээр баривчлах тушаал гаргасан юм. Зарим нь асран хамгаалагч, эцэг эхтэй байсан ч Украины хүүхдүүдийг асран хамгаалагчгүй шилжүүлж байгааг Орос олон нийтэд хүлээн зөвшөөрчээ.
Л.Сайнаа