Холимог тулааны "UFC" холбооны од асан Марк Колеман Мягмар гарагт Охайо мужид гарсан гэнэтийн түймрээс эцэг, эхээ аварсан ч одоо эмнэлэгт тарчилж буй тухай түүний охин нь инстаграм хуудсаараа мэдээлжээ.
Морган Колеман охин аавынхаа тухай хэлэхдээ, тэр шатаж буй байшин руу хэд хэдэн удаа орж, галын голомтоос Хаммер хэмээх нохойг аврах гэж оролдохоосоо өмнө эцэг, эхээ хоёуланг нь галаас үүрч, амийг нь аварч чадсан гэв.
Колеманы бүх хүчин чармайлт зөвхөн эцэг эхээ аврахын төлөө байсангүй. Тэрбээр эцсийн мөчид Хаммер нохойгоо аврахаар гал руу ортол хожимдсон байжээ.
Колеманы бага охин Кензи инстаграм хуудсандаа Хаммер аавыг нь хуцаж сэрээгээгүй бол бүх зүйл муугаар эргэх байсан тухай мөн ярьжээ.
Мэргэжлийн тулааны урлагаар дагнан бүтээл туурвидаг Жонатан Сноуден Колеманы тухай ном гаргахаар төлөвлөж байсан тухайгаа дуулгаж, X хуудсанд Колеманы эмнэлэгт амьсгалын аппарат залгуулан хэвтэж буй зургийг нийтэлжээ. Мөн Сноуден "Хэрэв хэн нэгэн үхлийг даван туулах ёстой бол тэр нь гарцаагүй Марк мөн" гэж бичжээ.
Сүүлийн үеийн мэдээллээр Колеман Охайо мужийн Толедо хотын эмнэлэгт тайвшруулах эмчилгээ хийлгэж байгаа аж. Коулман нь UFC холбооны түүхэн дэх хамгийн нөлөө бүхий тулаанчдын нэг. Тэр UFC холбооны хүнд жингийн анхны аварга болж түүх бүтээсэн нэгэн. Тэрбээр замналынхаа туршид 26 тулаан хийж, 16-10 амжилтаар зодог тайлжээ. 2008 онд UFC-ийн Алдрын танхимд багтсан.
ММА-д орохоосоо өмнө Колеман чөлөөт бөхөөр 1988 онд Охайо мужид NCAA-ийн аварга болж, 1992 онд Испанийн Барселона хотод болсон зуны олимпод оролцож байлаа.
Л.Сайнаа