ОХУ-ын Новосибирск хотноо ЗХУ-ын Ардын жүжигчин, профессор, Новосибирскийн хүндэт иргэн Л.В.Мясниковойн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын хоёрдугаар уралдаан болсон байна. Уг уралдаанд Монгол Улсаас УДБЭТ-ын гоцлол дуучин Л.Бүүвэйбаатар оролцож, /баритон/ тэргүүн байрын шагнал хүртжээ. Энэхүү уралдаанд ОХУ-ын уран бүтээлчдээс гадна Хятад, Монгол, Казахстаны уран бүтээлчид оролцжээ.
Түүний хувьд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVII уралдаанд мөн Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан.
Л.Бүүвэйбаатар нь 2016 оноос УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж буй бөгөөд 2011 онд Хөгжим бүжгийн коллежид элсэн орж Ч.Чинзориг багшийн удирдлагад, 2012-2016 онд гавьяат жүжигчин Х.Үнэнхүү багшийн удирдлагад дуурийн дуулаачийн мэргэжил эзэмшсэн.
Өнгөрсөн 2023 онд “Макбет”-д гоцлохоосоо өмнө дэлхийн сонгодгуудаас Ж.Бизегийн “Кармен” дуурийн Эскамильо, Моралес, Ж.Вердийн “Травиата” дуурийн Жорж Жермон, Ж.Пуччинийн “Тоска” дуурийн Шаррон, Ж.Пуччинийн “Богема” дуурийн Шонар, Ж.Россини “Севилийн үсчин” дуурийн Фиорелло, Офицер, В.А.Моцартын “Увидаст лимбэ” дуурийн Папагено, И.Штраусын “Сарьсан багваахай” дуурийн Франк, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Сумангийн даргад гоцолж байв. Харин үндэсний дууриудаас Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийн Лодон, Ц.Нацагдоржийн “Гүнгэрийн гүнж” дуурийн Цэн Бахт, Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Билгүтэй, Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурийн Түшмэл зэрэг гол болон туслах дүрийг амжилттай бүтээсэн юм. Мөн тэрээр 2019 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Улаан театрт Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүрд гоцолж байжээ.
Сэтгэгдэл (1)