Холимог тулаан болон кикбоксын тамирчин асан, интернетийн од Эндрю Тэйт хүний наймаа, хүчингийн хэргээр төрсөн ах Тристантайгаа хамт Румын улсад саатуулагдсан нь 2022 оны 12 дугаар сард болсон үйл явдал. Тухайн үед "Тристан, Эндрю нарын дөрвөн сэжигтэн эмэгтэйчүүдийг тусгай цахим хуудсуудаар үнэ төлбөртэйгээр харуулах зорилгоор порнографын контент бүтээж, бэлгийн мөлжлөг зохион байгуулсан" гэж прокурор мэдэгдэж байлаа.
Улмаар залуус Бухарест хотод гурван сар цагдан хоригдсоны эцэст гэрийн хорионд байх нөхцөлтэйгөөр давж заалдсан нь амжилт олсон. Тэдний эсрэг нийт долоон эмэгтэй гомдол мэдүүлсэн юм.
Тэгвэл Эндрю Тэйт болон түүний ах Тристан нарыг Их Британийн бэлгийн хүчирхийллийн хэргээр даваа гарагт Румынд дахин саатуулж, эцэст нь Их Британид шилжүүлэн өгөх болно гэж Румыны эрх баригчид мягмар гарагт мэдэгдэв. Тус улсын Эрүүгийн мөрдөн байцаах албаны ажилтнууд болон Волунтари хотын ажилтнууд "Их Британийн нутаг дэвсгэрт бэлгийн хүчирхийлэл үйлдэж, хүмүүсийг мөлжсөн хэргээр Их Британийн шүүхээс гаргасан Европын баривчлах хоёр тушаалыг гүйцэтгэсэн" гэж цагдаагийн газар мэдэгдэв.
Дараа нь Тейтсийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Румыны Давж заалдах шатны шүүх тэднийг шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн ч хүний наймаа, хүчингийн хэргээр Румынд болж буй шүүх хурал дуусах хүртэл хойшуулсан гэжээ. Америк-Британи гаралтай кикбоксчин асан тэрбээр сүүлийн жилүүдэд интернетэд алдаршиж, эрэгтэйчүүдийн ноёрхол, эмэгтэйчүүдийг дарлах үзэл санаа, тэдний хүлцэх байдал, эд баялагийн талаар ярьж буй бичлэгийг нь TikTok дээр 11.6 тэрбум удаа үзсэн байна. Хүний эрхийн төлөө тэмцэгчид, сургуулийн багш нар, цагдаа нар дэлхийн өнцөг булан бүрт түүний залуу оюун ухаанд нөлөөлөхөөс сэрэмжлүүлж байна.
Тэрбээр 2016 онд Британийн телевизийн "Big Brother" шоуны үеэр эмэгтэй хүн рүү дайрч байгааг харуулсан бичлэгээс болж хасагдсанаар олны анхаарлын төвд очсон гэж хэлж болно.
Л.Сайнаа