Хавар-зун 2024 улирлын загварын тайзнаа олон сонирхолтой чиг хандлагууд ноёрхлоо. Ингэхдээ нүүр будалтын артистууд нүд, сормуус, хацар гэхчлэн нүүрнийхээ аль нэг хэсгийг тодотгох тал дээр түлхүү анхаарчээ. Түүнчлэн TikTok платформ дээр дэгдээд буй “vanilla girl”, “strawberry makeup”, “espresso makeup” гэхчлэн гоо зүйн урсгалууд эрэлттэй хэвээр байх болно.
Бантикан зангилаа
Балеткор гоо зүйгээс улбаатай бантикан зангилааны түүх үргэлжилсээр. Дизайнерууд үүнийг чимэглэл болгон загварууддаа нэгтгээд зогсохгүй үсний стилистүүд тус детальд анхаарлаа хандуулж байна. Тухайлбал, Christian Siriano брэндийн артист Лейси Редвей сүлжсэн үсэнд тууз бэхлэн бантикан хэлбэр гаргасан бол Simone Rocha-гийн моделиуд шүрэн толгойн гоёлдоо бантик уясан төрхөөр жигдэрсэн байлаа. Харин Chanel, Shushu/Tong, Versace загварын орднууд бантиктай үсний даруулга болон хавчаар ашиглажээ.
Тод уруул
Уруулаа гүн хүрэн өнгөөр хүрээлэн, бүдэг улаанаар дүүргэж будах “cherry cola” будалтын чиг хандлага энэ жил ч мөн үргэлжлэх болно. Кайли Женнер, Амелия Грэй нарын хэрэгжүүлэх дуртай энэхүү тренд нь дан ганц сошиал медиа дээр ч гэлтгүй загварын тайзнаа мөн харагдсан юм. Тухайлбал, Max Mara, Christian Dior, Carolina Herrera, Burberry болон бусад олон загварын орднууд шоуныхаа moodboard-ыг гаргахдаа тод уруул дээр ач холбогдол өгчээ. Ингэхдээ суурь будалтыг тун минимал хийснийг анзаараарай.
Төрөлжсөн үсний даруулга
Ямар ч илүү дутуу детальгүй түлхүү хар өнгийн даавуун үсний даруулга сүүлийн улирлуудад чиг хандлага болсныг бид мэднэ. Тэгвэл энэ давлагаа үргэлжлэхдээ улам төрөлжиж 1990-ээд онд ид дэлгэрч байсан пүршний хэлбэртэй обруч, 1980-аад оны хэв маягтай өнгөлөг даруулга, тун минимал, аль эсвэл маш хээнцэр гээд олон төрлийн загваруудаар бүл нэмээд байна.
Төгс бус контур
Минимал суурь болон тод өнгийн контурын хослол энэ хаврын чухал тренд гэдэгтэй Jil Sander, Helmut Lang, Dries Van Noten, Balenciaga нар санал нэгдэж байна. Хамгийн гол нь ямар ч өө сэвгүй төгс хэлбэр гаргах гэж хичээхгүйгээр бага зэрэг хайхрамжгүй зурахад тус трендийн онцлог оршиж байгаа юм.
Драматик сормуус
Дэвэхэд бэлэн мэт драматик сормууснууд олон ч брэндийн загварын шоун дээр харагдсан. Simone Rocha, Frederick Anderson нар шувууны далавчийг санагдуулам хиймэл сормуусаар моделиудынхаа төрхийг тодорхойлсон байсан бол Victoria Beckham, Giorgio Armani орднууд хүн бүр хэрэгжүүлэх боломжтой өдөр тутмын хувилбарыг харуулсан юм. Ингэхдээ мейкап артистууд богиноос уртассан уусгалттай сормуусны хэлбэрийг гаргажээ.
Сүлжсэн үс
Дизайнеруудын цуглуулгадаа шингээсэн панк, готик хэв маягийг нэгэн деталь нэгтгэж байсан нь сүлжсэн үс байлаа. Chopova Lowena, Ann Demeulemeester, Collina Strada зэрэг загварын орднуудын цуглуулгыг харваас гогцоогоо тайлах оролдлого ч хийгээгүй гэмээр хайхрамжгүй сүлжилтүүд зонхилжээ. Энэ нь үсний лак, хөөс гэхчлэн туслах бүтээгдэхүүн ашиглахгүйгээр бүтээх боломжтой хялбар засалтуудын нэг юм.
Анхаарлаа хандуулах өнгө - PEACH FUZZ
Pantone өнгөний институтээс 2024 оныг Peach Fuzz хэмээх тоорын шаргал өнгөөр тодорхойлсон билээ. Тэгвэл энэхүү өнгө нь хавар-зун 2024 загварын долоо хоног дээр зонхилсон ба артистууд тоорыг санагдуулам хацар өнгөлөгч болон нүдний тень түлхүү ашиглажээ. Та энэ хавар болон зуны улиралд нүүр будалтынхаа хэв маягийг алгуурхнаар өөрчлөхийг хүсвэл peach fuzz өнгийг мейкапдаа нэгтгээд үзээрэй.
Сэтгэгдэл (11)