Өмнөд хөрш БНХАУ-ын үндсэрхэг үзэлтнүүд блогч, сэтгүүлч, уран бүтээлч, хошин урлагийн жүжигчин, алдартай тогооч нарын араас л хөөцөлдсөөр ирсэн. Одоо тэдний хөөцөлдөөний золиос нь Нобелийн шагналт зохиолч Мо Ян болоод байна.
Хятадын хөдөө тосгоны амьдралын тухай үлгэр домгоороо алдаршсан зохиолч Мо Ян 2012 онд утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн анхны хятад иргэн болсноор үндэсний бахархлыг төрүүлсэн. Тэр үед Коммунист намын өндөр албан тушаалтан түүнд баяр хүргэсэн захидал илгээсэн удаатай. Энэ ялалт нь Хятадын уран зохиолын салбарын ахиц хийгээд олон улсад өрсөлдөхүйц болсны баталгаа байлаа.
Арав гаруй жил өнгөрч, 69 настай зохиолч Хятадын хамгийн авторитар удирдагч Си Жиньпиний нөмөрт цэцэглэн хөгжсөн үндсэрхэг үзлийн дайсагнал, шүүмжлэлийн шуурганд нэрвэгдэв.
Ши Жиньпиний Коммунист нам өөр үзэл бодолтой сэхээтнүүд, тэр дундаа үнэн түүхээс гажсан гэж үзсэн үзэл бодлуудыг хоморголон дардаг. Энэ нь үндсэрхэг үзэлтнүүдийн армийг улс орны өнгөрсөн үеийн тухай "хортой" сэтгэгдлүүдийн эсрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр загалмайтны аян дайн хийхэд турхирсан гэж хэлж болно.
Тус армийг удирдаж буй хүмүүсийн дунд "Үнэнийг хэлдэг Мао Синхуо" хэмээн цахимаар өөрийгөө өргөмжилсөн эх оронч, блогч Ву Ванжен гэх хүн бий. Жилийн өмнөөс тэр Мо болон түүний зохиолууд руу дайрч, "түүхийг гуйвуулж", Коммунист намын хувьсгалт өвийг гутаан доромжилж байна" гэж буруутгасан юм.
Өнгөрсөн сард блогч алдарт зохиолчийг үндэсний баатрууд, амь үрэгдэгсдийг доромжилсон хэргээр шүүхэд өгөхөө мэдэгдсэн. Хэрэв тэр шүүхээр амжилт олбол Мо 2018 онд батлагдсан хуулийн дагуу гурван жил хүртэлх хорих ял авах боломжтой гэлцэнэ. Одоо энэ үйл явдал олны анхаарлын төвд буй.
Ву Мо-гийн номдоо олон арван гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзсэн. Тэр дундаа Японы түрэмгийллийн эсрэг дайны жилүүдээс эхлээд 20 дугаар зууны Хятадын хөдөө тосгоны гэр бүлийн гурван үеийг харуулсан хайр дурлал, тэмцлийн түүхийг өгүүлсэн "Red Sorghum" романыг шүүмжилсэн байдаг. Уг номоос иш татан коммунист армийн баатруудыг япончуудтай тулалдахыг хүсээгүй гэж харуулсныг эсэргүүцсэн. Мөн тэрбээр Мо-г Японы түрэмгийлэгчдийг алдаршуулж, заримыг нь царайлаг хэмээн дүрсэлснийг буруутгажээ.
Ву Мо-г уучлалт гуйж, нөхөн төлбөр болгон Хятадын иргэн бүрт нэг юань буюу 0.14 ам.доллар өгөхийг шаарджээ. Тэрбээр мөн ойролцоогоор 220 мянган дагагчтай цахим хуудсаараа дамжуулан Мо-гийн асуудалтай номуудыг Хятад даяар худалдаалахгүй байхыг уриалаад буй.
Л.Сайнаа