Эмма Стоун "Poor Things" киноны Белла Бакстерын дүрийг бүтээснээрээ Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртлээ.
Шагналаа авахдаа сэтгэл хөдөлсөн Стоун "Өө хүү минь, энэ үнэхээр гайхалтай байлаа" гэж уулга алдав.
Тэрбээр энэ жилийн гол дүрийн жүжигчний төрөлд нэр дэвшсэн “Killers of the Flower Moon” киноны Лили Гладстон, “Nyad” киноны Аннетт Бенинг, “Anatomy of a Fall” киноны Сандра Хюллер, “Maestro” киноны Кэри Маллиган нарыг онцлон ярьж, "Би та нартай үүнийг хуваалцаж байна. Би та нарыг биширч байна. Энэ бүгдийг хамтдаа хийх нь нэр төрийн хэрэг байлаа. Бид хамтдаа илүү ихийг бүтээнэ гэж найдаж байна" гэжээ.
Энэ нь түүний хоёр дахь Оскар юм. Тэрбээр 2017 онд "La La Land" киногоор уг шагналыг хүртэж байв.
Л.Сайнаа