Роберт Дауни "Оппенхаймер" кинонд бүтээсэн туслах дүрийн дүрээрээ Оскарын шагнал хүртлээ. Энэ нь түүний шилдэг туслах дүрийн жүжигчин болох Алтан бөмбөрцөг, BAFTA-д түрүүлсэн дараагаар Оскарын шагнал хүртсэн анхны тохиолдол юм. Тэгвэл бид та бүхэнд түүний шоронд орж, хар тамхины донтолт зэрэгтэй тэмцэж явсан ч ялан дийлж, өнөөдрийн өндөрлөгт хүрсэн бахархам түүхийг хүргэе.
Бидний сайн мэдэх Марвел студийн өшөө авагчдийн багийн гишүүн "Төмөр хүн" Роберт Даунигийн өнгөрүүлсэн амьдрал тийм ч данрдан байсангүй. 1990-ээд оны үед алдарт жүжигчин маань хар тамхины донтолттой тэмцэж, хууль эрх зүйн асар их асуудалд орж байв.
Өнгөрсөн онд тэрбээр Дакс Шепардын "Армчаарын шинжээч" подкастад ярилцлага өгөхдөө Дауни 1999 онд шоронд хоригдсон тухайгаа ярьж, "Гаригуудыг аврахаас нааш гэртээ харих боломжгүй алс холын аялалд гарсан"-тай адилтгажээ. Түүний шоронд байх үе заналхийлэл, сэтгэл гутралаар дүүрэн байв. Түүнийг 1996 онд героин, кокаин, 357 калибрийн магнум гал зэвсэг хадгалсан хэргээр баривчилж, гурван жилийн тэнсэн, хар тамхины шинжилгээнд хамруулах шаардлагатай болжээ.
Жилийн дараа тэрбээр шүүхийн шийдвэрээр хар тамхины шалгалтыг алгасч, Лос Анжелес тойргийн шоронд бараг дөрвөн сар хоригджээ. Улмаар дахин нэг хар тамхины туршилтад бүдэрч, 1999 онд гурван жилийн хорих ял авчээ. Дауни Калифорниа мужийн Коркоран дахь муж улсын шоронд 15 сар хоригдов.
Суллагдсанаас хойш дөрвөн сарын дараа тэр Талархлын баярын амралтын өдөр кокаин, Валиум хадгалсан, хар тамхины нөлөөнд автсан хэргээр дахин баривчлагджээ. Мөн 2000 оны дөрөвдүгээр сард Лос-Анжелес хотын цагдаа нар гудамжинд тэнүүчилж байхад нь олж, түүнийг баривчилжээ.
Удаан хугацааны турш зовлонтойгоо тэмцэж, одоо амжилттай яваа Дауни тэр үед ямар их зовлонтой байснаа подкастын үеэр тайлбарлав.
Тэрбээр “Шүүх хурлын үеэр ууртай шүүгч надад хэтрүүлсэн шийтгэл оноосон. Тэр латинаар ямар нэг зүйл хэлсэн. Би түүнийг надад шившлэг хийж байна гэж бодсон. Миний амьдралдаа очиж үзсэн хамгийн аюултай газар бол эзэнгүй газар л байсан. Би үргэлж төмөр хүн байгаагүй" гэжээ.
Тэрээр шоронд хоригдохыг "надад тохиолдсон хамгийн муу зүйл" гэж тодорхойлоод Дауни эцэст нь дасан зохицож, амьд үлдэж чадсан гэж хэлэв. "Бид богино хугацаанд боломжгүй мэт санагдах зүйлсэд дасан зохицож чадна" гэж тэр мөн хэлсэн.
Л.Сайнаа