Буркина Фасогийн хойд хэсгийн Ятенга мужийн гурван тосгонд зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэж, 170 орчим хүнийг “цаазалсан” гэж тус мужийн прокурор мэдэгдэв. Али Бенжамин Кулибали баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ, хоёрдугаар сарын 25-нд Комсилга, Нодин, Сороэ тосгонд болсон аймшигт халдлага болсон гэж мэдэгджээ. Уг мэдэгдлийг ням гарагт тус улсын Хууль зүйн яамны фэйсбүүк хуудсанд дахин нийтэлсэн байна.
Кулибали хэлэхдээ, бэртэж гэмтсэн болон, нас барсан хүмүүсийн нарийн тооцоо гараагүй байна. Тийм учир мэдээлэл өгөх, тооцоо гаргахад туслах хүмүүст нээлттэй гэв. Түүнчлэн уг мэдэгдэлд халдлагын ард ямар бүлэглэл байгааг дурдаагүй байна.
Үүний зэрэгцээ эрх баригчид хоёрдугаар сарын 25-нд тус улсын хойд болон зүүн хэсэгт лалын сүм рүү халдсан гэмт хэргийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоог албан ёсоор зарлаагүй байна. Террористууд Танкоуалу болон Эссакане тосгонд нэгэн зэрэг халдлага үйлдэж наад зах нь 15 мусульман, 15 католик шашинтан амь үрэгдсэн гэдгийг харин хэвлэлүүп мэдээлээд буй.
Европын холбоо эдгээр халдлагыг буруушааж, тус улстай эв нэгдэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хунта тэргүүтэй Баруун Африкийн улс нь дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг бөгөөд Аль-Каида болон Исламын улс бүлэглэлтэй холбоотой лалын дайчдын хүчирхийллийн голомт болоод буй.
Хүчирхийлэл 2012 онд хөрш Мали улсад эхэлж, тэр цагаас хойш Сахарын цөлөөс өмнө зүгт орших Сахелийн бүс нутгийн хуурай газар нутаг даяар тархжээ. Буркина Фасогийн хойд болон зүүн хэсгийн томоохон бүс нутгууд 2018 оноос хойш хүн амьдрах боломжгүй болсон. Учир нь тэндхийн олон сая хүн мотоциклтой зэвсэгт этгээдүүдийн дайралтаас эмээж, гэр орноо орхин дүрвэжээ. Олон мянган хүн амь үрэгдсэн.
Л.Сайнаа