Өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театр 61 дэх улирлын тайзнаа тоглогдох дэлхийн сонгодог бүтээл болох "Макбет" дуурийн тасалбар дуусжээ. Эл дуурьт Монгол Улсын ардын жүжигчин, “The Lyric’s Oscars” шагналын эзэн, дэлхийн шилдэг баритон, дуурийн дуучин Э.Амартүвшин дуулж буй. Түүнчлэн маргааш буюу гуравдугаар сарын 10-ны өдөр УДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамтран Дэлхийн шилдэг уран бүтээлүүдээс толилуулах болно. Энэхүү концертын тасалбар ч дуусах дөхжээ.
Ардын жүжигчин Э.Амартүвшин хэлэхдээ, "БИ УДБЭТ-ын түүхт 60 жилийн ойн хүрээнд төрөлх тайзнаа дэлхийн сонгодог бүтээлүүдээс дуулах амлалтыг өгсөн. Мөн дуурийн театрынхаа шилдэг уран бүтээлчид, нэртэй дуучидтай хамтран гала концертод оролцоно. Дэлхийн суут хөгжмийн зохиолчдын гайхалтай уран бүтээлүүдээс дуулах болно. Мөн хамт оролцож байгаа дуучидтайгаа хамтарч, алдартай бүтээлүүдээс дует дуу дуулна. Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс бас оруулна.
Энэ бол миний өсөж, өндийсөн урлагийн тайз. Урт хугацааны дараа эх орныхоо театрын тайзнаа дахин гарах гэж байгаадаа маш их баярлаж байна. Тоглолт маань сайхан болно гэдэгт найдаж байгаа.
Миний хувьд 7 жилийн хугацаанд дэлхийн олон театрын тайзан дээр дуулсан. Тэр дундаа Италийн ихэнх том театруудад дуулсан. Итали бол дуурийн урлагийн орон. Дэлхийн том тайзнаа дуулаад явахад, өөрийн дуулах чадвар, чансаа нэмэгддэг билээ.
Манай театр удирдаач, найруулагч гээд залуу уран бүтээлчидтэй болжээ. Хүмүүсийн хүлээлт намайг бага зэрэг сандрааж бас догдлуулж байна. Бүгд эрвийх дэрвийхээрээ хичээж, өөдрөг сайхан сэтгэлээр бэлтгэл ажлаа хийнэ. Та бүхэндээ, театрынхаа удирдлагад баярлалаа. Уран бүтээлчиддээ мөн амжилт хүсье" гэсэн билээ.
Сэтгэгдэл (1)