Урлагаар дамжуулан сэтгэлийн гоо сайхныг, амьдралын үнэнийг, хүний оршихуйн мөнхийн асуудлуудыг сэрж мэдрэх нь бий. "Мөрөөдлийн театр"-ынхан 18 жилийн дараах "Тод хувцастай эмэгтэй"-ээр дамжуулан нийгэм дэх саарал хөшгийг ярж байна.
"Ээж ээ" хэмээх Д.Мэндсайханы эл зохиол цаг хугацааны дараа дахин өөр нэрээр мэндэлж буй нь энэ. "Тод хувцастай эмэгтэй" жүжгийн дундуур алхсаар бид эмгэнэлээр, төгсгөлд нь урсах нулимсаар үнэнтэй нүүр тулав. Энд хайр, хайрын дотроос эх хүний хайр бол хувирашгүй, эргэлзээгүй, туйлын, хязгааргүйг бас өнөөгийн нийгмийн хар бараан хийгээд түүнтэй зэрэгцэн оршиж буй гэрэл гэгээг харуулж буйгаараа онцлог байна.
Өнгөрөгч ням гарагт болсон нээлтийн үеэр "нөмөр, түшигтэй том ахын дүр"-ийг бүтээсэн жүжигчин, МУСТА Г.Алтаншагай уран бүтээлийнхээ тухайд, "Эх хүний хайр, тэсвэр тэвчээр хаана очиж тасардаг вэ? Хязгаар нь юу юм бэ. Энд бид эмэгтэй хүн дотроосоо гэрэлтэж байдаг гэдгийг харуулахыг харуулахыг зорьсон.
Гэхдээ хүн бүрийн дотор тийм тод гэрэл бий. Энэхүү уран бүтээлээрээ бид нийгэмд чимээгүйхэн болж өнгөрдөг асуудлуудыг хөндөхийг хичээсэн юм.
Гол дүр болох О.Энхтуул эгч маань урилгаар Герман улсаас ирж тоглож байна. Эндээс гарч явахдаа хэн нэгний тухай бодож байвал, хамгийн түрүүнд хайртай хүн рүүгээ, ээж рүүгээ залгаж байвал манай жүжгийн зорилго биелэнэ. Бид энэ жүжгээрээ Монгол Улсаа тойрох болно. Мөн гадаадад ажиллаж, амьдарч, ээжтэйгээ уулзаж чадахгүй байгаа тэр хүмүүст ч гэсэн хүргэх төлөвлөгөөтэй" гэсэн юм.
Тоглолтын дараа жүжигчин Б.Алтаншагайгийн хүү сэтгэгдлээ хуваалцахдаа, "Маш олон хүн уйлж байсан. Миний урд сууж байсан эгч бүр нусаа нийгээд л уйлаад байсан" гэлээ.
Мөн үзэгч С.Түмэн "Мөрөөдлийн театрынхандаа маш их баярлалаа. Дараагийн уран бүтээлийг тэсэн ядан хүлээх болно оо. Ээж рүүгээ зурвас бичиж, хайртай шүү гэх үгийг хэлэх зориг анх удаа л надаас гарлаа" хэмээв.
Нийгмийн бурангуйд хүн хүнийхээ сэтгэлийн гэрэл гэгээг нөмрөн авах харанхуй болох учиргүй билээ. Өөрт буй гэрэл гэгээгээр бусдын амьдралыг гийгүүлж өгөх хувь ерөөл хүн бүрд бий.
Б.Туяамарал
М.Жаргал