Үзэгчид түүнийг 37 дугаар точкагийн Болдоогийн дүрээр сайн танина. Харин найзууд нь түүнийг “даанч даруухан Ганчу” гэнэ....
-Фантастик продакшн хоёр жилийн дараа шинэ уран бүтээлээ нээх гэж байна. Кино нээлтээ хийхэд ердөө долоо хоног үлдсэн, хүлээж догдлох мэдрэмжээсээ манай уншигчдад хуваалцаач?
-Сайн байна уу. 24 цаг сайтын уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Фантастик продакшны ээлжит уран бүтээл “Зура 3: Цэвэрлэгээ” УСК маань үзэгчдийн хүртээл болоход тун ойрхон ирсэн байна. Мэдээж шинэ уран бүтээлээ нээхэд уран бүтээлч хүн болгон догдолдог. Энэ удаагийн уран бүтээл маань олон хүний хүч хөдөлмөр шингэсэн, өмнөх бүтээлүүдээс илүү ажиллагаа шаардсан учраас бид энэ уран бүтээлээ нэг түвшин ахиулсан гэж хэлж болно. Харьцангуй богино хугацаанд пост продакшны ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай тулсан учраас ажил их байна.
-Энэ удаагийн ангид таны тоглосон Мандахын дүр үргэлжлэх эсэхийг уншигчид маань сонирхож байгаа байх? Нууц биш бол энэ талаар ярьж өгөөч?
-Анх энэ ангийн зохиолд Мандахын дүр байсан. Гэхдээ эцсийн байдлаар зохиол гараад Мандахын дүр маань ороогүй. Миний хувьд “Зура 2: Цурам ажиллагаа” УСК-нд Мандахын дүрд тоглохоос гадна арын албанд ажилласан бол энэ удаагийн бүтээлдээ гүйцэтгэх продюсерын албан тушаалтай ажиллаа.
-Улс төрийн сэдэвтэй киног сонгуулийн жилд нээж байгаа нь үзэгчдийн дунд олон хардлага, цуу яриаг дэгдээж байна л даа. Сонгуулийн өмнө нээлтээ хийж байгаа нь үнэхээр ямар нэг шалтгаантай юу?
- Яах вэ, нэлээн хэдэн тийм комментууд байсан. Яах аргагүй сонгууль дөхчихсөн болохоор үзэгчид ингэж хардаж байгаа байх. Хардах ч эрхтэй. Гэхдээ үзэгчид уран бүтээлээ үзээгүй байж түрүүлж дүгнээд байна тийм ээ? Магадгүй киноны танилцуулга буюу богино хэмжээний триллер цацагдсанаас үүдэлтэй ийм яриа гарч байгаа байх даа. Ер нь бол киногоо үзчихээд дүгнэлтээ хэлбэл зөв байх. Ийм шүүмжлэлүүд бүх цаг үед л байсан.
-“Зура 2: Цурам ажиллагаа” УСК-нд таны машинтай хөөцөлдөж байгаа хэсэг гардаг. Яг ийм адал явдалтай, эрсдэлтэй зураг авалтыг яаж хийсэн бэ?
-Яг тэр машины хөөцөлдөөн бол компьютер график хослуулсан тийм хэсэг. Мэдээж уралдааны машинтай хотын төвөөр хөөцөлдөх, онхолдохыг мэргэжлийн хүмүүс машин барьж орлон тоглогчтойгоор тусгайлан бэлдэж тоноглосон машин дээр хийсэн. Миний хэсэг бол ногоон фон дээр авсан. Харин энэ удаагийн анги дээр түүнээс ч илүү эрсдэлтэй бас сонирхолтой хүнд зураг авалтууд хийгдсэн.
-Та өөрийн дүрийн судалгааг хэрхэн хийдэг вэ? Дүр дээр ажиллахдаа хэрхэн түүндээ орж амьдардаг вэ?
-Маш олон судалгаа хийнэ. Миний хувьд 37 дугаар точкагийн Болдоогийн дүрийн нусаа татдаг биеийн рефлекс гэх юм уу, мэргэжлийн хэллэгээр нь брючик гэж ярьдаг юм. Тэр үйлдэл өөрт дадаад, биед хэвшчихсэн байсан. Эхэндээ Тамираа тэр үйлдлийг хэвшихгүй байна, өөр хүнийх байна, яг Болдоо гэдэг дүрийнх биш байна гэж байсан. Ингэж явсаар байгаад жилийн хугацаанд тэрийг хийгээд сурчихаар зураг авалт дууссаны дараа нэг хэсэгтээ хийчих гээд байдаг, бүр дадал болоод суучихсан байсан. Тодорхой хугацааны дараа тэр маань зүгээр болсон л доо.
-Хэрэв таны тоглосон аль нэг кино үргэлжлэхээр болбол аль дүрдээ тоглохыг хүсэх вэ?
-Магадгүй “37 дугаар точка” үргэлжлэх юм бол миний тоголсон Болдоо гэдэг дүр цаашаа яаж бичигдэх бол гэдэг нь сонирхолтой. Яагаад гэхээр, кино зохиол нь адал явдалтай, тэрний нэг эд эс нь Болдоо учраас тэр дүр үргэлжилбэл бас сонирхолтой байж магадгүй.
-Анзаараад байхад Фантастикийн жүжигчид өөрсдийнхөө кинонд л тоглодог болчихлоо. Өөр киноны санал ирсэн ч авахгүй байна уу, ямар шалтгаан байна. Таны хувьд?
-Бид одоо бүгдээрээ үсээ ургуулчихсан байгаа. Өөр дүр төрхөөрөө өөр уран бүтээлд гарахгүй гэдэг зорилго байсан ч “Зура 2” УСК дээр Алтаншагай бид хоёр үсээ тайруулсан. Манай продакшн уран бүтээлийнхээ төлөвлөгөөг урьдчилаад гаргачихсан байдаг учраас зарим үед нөхцөл бололцоо цаг зав нь таарч өгдөггүй. Ганц нэг уран бүтээлийн цаг зав таарлаа гэхэд мэдээж эхлээд зохиолыг нь уншдаг. Ингээд өөрт таалагдсан, мэдээж чансаатай уран бүтээлд тоглохыг хүсдэг. Ер нь бидний боломж бололцоо таараад, уран бүтээлийн зохиол нь таалагдсан
-Үзэгчид таныг дэлгэцийн уран бүтээлээр нь илүү сайн мэднэ. Одоо тайзны уран бүтээлд тоглох санал ирвэл тоглох уу? Өмнө нь тайзны уран бүтээлд тоглож байв уу?
-Манай Фантастик продакшны хамгийн анхны уран бүтээл тайзны уран бүтээл байсан. Дөнгөж сургуулиа төгсөөд 2008 онд Соёлын төв өргөөнд “Тоглоом” гээд жүжиг тавьж байлаа. Одоо бол бид тайзны уран бүтээл хийхийг маш их хүсдэг. Хэд хэдэн удаа яг энэ талаар ярилцаад хийхдээ тулж байсан шүү. Тиймээс бидний дараагийн зорилгод тайзны уран бүтээл, жүжиг яахын аргагүй багтаж байгаа.
Мэргэжлийн жүжигчин хүн заавал тайзан дээр жүжиг тоглох ёстой гэж би боддог. Тайз өөрөө жүжигчний ур чадварыг дээшлүүлдэг, чадвартай жүжигчин болгож өгдөг. Тиймээс жүжигчин хүн тайзан дээр байх шиг жаргал байхгүй дээ.
Хамгийн сүүлд бид 2018 онд хүүхдийн жүжиг тоглосон шүү дээ.Бид олон жилийн туршлагатай тайзан дээр гардаг продакшнууд шиг биш л дээ. Тийм учраас эхлээд хүүхдийн жүжиг тоглож үзсэн. Дараа нь магадгүй драмын жүжигт тоглоод гараад ирэхийг ч үгүйсгэхгүй шүү дээ.
Миний хувьд үнэхээр гоё драмын жүжиг, тэр дундаа эмгэнэлт драмын жүжигт тоглохыг хүсдэг. Бидний дараагийн жүжиг ч бас драмын жүжиг байх болов уу гэж бодож байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Ярианыхаа төгсгөлд шинэ киногоо хүлээж байгаа үзэгчдэдээ хандаж үг хэлээч.
-Тэгэлгүй яах вэ, манай “Зура” төслийн гуравдугаар анги маань нээлтээ хийхэд цөөхөн хоног үлдсэн байна. Мэдээж кино багийн өмнөөс хэлэхэд энэ удаагийн кино маань өндөр чанарын түвшинд бүтсэн, өмнөх ангиудаас бүхий л хэмжээнд түвшин ахисан. Тиймээс та бүхэн киногоо шимтэн үзээд өөрсдийн дүгнэлтээ хийгээрэй. За тэгээд нэг үзсэн хүн ахиад хоёрдохоо үзэх байх, би тэгж бодож байна. Үзээд гарахдаа бас нэг юмыг бодох байх. Бидний зорилго ердөө л энэ. Тийм болохоор та бүхнийг ирж үзээсэй гэж хүсэж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Видео ярилцлагыг эндээс үзнэ үү.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)