Францын цагдаа нар дэлгэцийн домог Ален Делоны гэрээс 72 галт зэвсэг, 3000 гаруй сум хураан авсан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Нийслэл Парисаас өмнө зүгт 135 км зайд орших Души-Монкорбон дахь жүжигчний гэрээс буудлагын талбай мөн олджээ.
Прокуроруудын хэлснээр Делонд буу эзэмших зөвшөөрөл байгаагүй гэнэ. Өдгөө 88 настай тэрбээр Францын кино урлагийн алтан үеийн од байсан нэгэн. "Самурай", "Борсалино" зэрэг хатуу ширүүн дүрээрээ алдартай байв.
Хэрэг явдлыг тодруулбал, Делоны гэрт шүүхээс томилогдон очсон албан тушаалтан зэвсэг байгааг анзаарч, шүүгчид мэдэгдсэний дараа мягмар гарагт нэгжлэг хийхээр болжээ. Тэр 2019 онд тархинд нь цус харвах өвчнөөр шаналж, дараа нь олон нийтэд тодорхой болоогүй өөр нэг хүнд өвчнөөр өвдсөн тул сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн байдал нь муу байсан аж.
Түүний гэр бүлийн асуудал мөн Франц даяар ярианы сэдэв болчихсон. Учир нь түүний гурван хүүхэд бие биетэйгээ таарамжгүй харилцаатай байдаг учир үргэлж л хэвлэлээр мэдэгдэл хийж, шүүхдэлцдэг сурагтай.
Делон хамгийн сүүлд олны өмнө гарч ирсэн нь 2019 он. Тэр жил Каннын кино наадмаас хүндэт "Palme d'Or" хүртсэн байдаг.
Л.Сайнаа