БАРИМТ 1
Зуд нь цас их хэмжээгээр орох эсвэл огт орохгүйгээр хүйтний эрч чангарахтай хавсарч мал сүргийн бэлчих боломжийг бууруулах, улмаар өвс тэжээлийн гачигдалд оруулах зэрэг их хэмжээний хохирол дагуулдаг байгалийн гамшигт үзэгдэл юм.
БАРИМТ 2
Ялангуяа манай орны хувьд зөвхөн бэлчээрийн мал сүрэг өртдөг төдийгүй хүнсний хангамж, малчдын амьжиргаанд үлэмж хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлж нийгэм, эдийн засгийн орчинд ихээхэн хохирол учруулдаг билээ.
БАРИМТ 3
Манай оронд сүүлийн далан жилийн хугацаанд 12 удаагийн томоохон зуд тохиолдсоноос 1999 оноос хойш сүүлийн 4 удаагийн зудад мал сүргийн 60 орчим хувь нь хорогдсон талаар “Мерси Кор Монгол” байгууллагаас гаргасан судалгаанд дурдагджээ.
БАРИМТ 4
Зудын эрсдэлийн индекс 2014 болон 2015 онуудад зуд болоогүй буюу 1 байсан ч 2016 онд 4.8 болж өмнөх оныхоос 3.8 нэгжээр өсжээ.
БАРИМТ 5
2015 оны зун Монгол орны гуравны нэгийг хамарсан тархмал ган тохиолдсоноос болж 2016 оны өвөлжилтийн бэлтгэлд шаардлагатай өвс тэжээлийг хангалттай нөөцөлж чадаагүй нь тухайн өвөл нь тохиосон зудын аюулд өртөх эмзэг байдлыг бий болгожээ.
БАРИМТ 6
2016 оны зуд нь 18 аймгийн 96 сумыг хамарч, Монгол орны газар нутгийн 70 гаруй хувийг хамран, учирсан хохирлын хэмжээ 18 тэрбум төгрөгт хүрсэн гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдэгдсэн байна.
БАРИМТ 7
2010 онд Зудын эрсдэлийн индекс 7.3 гарсан байна. Тухайн жилд тохиолдсон зуд 18 аймгийг хамарч Монгол улсын нийт малын 22 хувь буюу 9.7 сая толгой мал үрэгдсэн бөгөөд 8,576 малчин өрх малгүй болж 32,756 малчин өрх малын 50 хувийг алджээ.
БАРИМТ 8
Бид зөвхөн цас орж хүйтэрсэн үед л зуд болдог гэсэн ойлголттой байдаг. Гэвч үнэндээ зуд хэмээх байгалийн гамшигт үзэгдэл дотроо харилцан адилгүй өөр төрөлд хуваагдана.
БАРИМТ 9
Цагаан зуд - Намар, өвөл, хаврын цагт их хэмжээний цас орж бэлчээр цас хучигдсанаас мал бэлчээрээс өвс олж идэх боломжгүй болно. Ердийн зуншлагтай жилд зонхилох бэлчээрийг бүрхсэн дунд зэргийн нягтралтай цасны дундаж зузаан хангайн бүсэд 2-15см хээрийн бүсэд 8-10см говийн бүсэд 5-6см болоход мал бэдчээрээс өвс олж идэхэд хүнд болдог байна.
БАРИМТ 10
Харын зуд - Хүйтний улиралд удаан хугацаагаар цас огт ордоггүй бөгөөд нуур ихэнх гол мөрөн булгийн ус хөлдсөнөөс худгийн ус хүрэлцэхгүй мал сүрэг усаар гачигдаж олноор хорогдох нөхцөл бүрхүүлэхийг харын зуд гэнэ.
БАРИМТ 11
Шуурган зуд - Өвлийн улиралд шуурга удаан хугацаагаар үргэлжилж малын бэлчээрт идэшлэх боломжийг алдагдуулснаас мал бэлчээрлэж чадахгүй тэжээлээр дутагдан, өлсөж, даарч олноор хорогдох нөхцөл бүрдэхийг шуурган зуд гэнэ. Хүйтний улиралд 10 м/с-ээр илүү хурдтай салхи хангайн бүсэд 5 хоног, хээрийн бүсэд 4 хоног, говийн бүсэд 3 хоног дараалан шуурвал дан бэлчээрийн мал бэлчээр ашиглаж чадахгүйд хүрэх эрсдэлтэй.
БАРИМТ 12
Хүйтний зуд - Хүйтний улирлын мал бэлчээрлэж чадахгүй болтол хэд хэдэн хоногоор их хүйтэрч, тэжээл, хашаа дутагдсанаас бэлчээрийн мал өсөж, даарч олноор хорогдох нөхцөл бүрдэхийг хүйтний зуд гэнэ.
БАРИМТ 13
Хавсарсан зуд - Шуурган, Цагаан ба хүйтний зуд эсвэл харын хүйтний шуурган зуд буюу тэдгээрийн зарим нь хавсарч бэлчээрийн мал аж ахуйд бэрхшээл учруулж, ус, тэжээл хашаа дутагдсанаас малийг олноор хорогдох нөхцөл бүрдэхийг хавсарсан зуд гэнэ.
БАРИМТ 14
Туурайн зуд - Тухайн нутагт өвөлжилтийн байдал хүндэрч дээрээс нь гадны аймаг сумаас олон мал орж ирснээс бэлчээрийн даац хэтэрч бэлчээрийг бүрэн сүйтгэдэг. Үүнийг туурайн зуд гэнэ.
БАРИМТ 15
Цаг уурын эрс тэрс уур амьсгалтай бэлчээрийн мал аж ахуй голлон эрхэлдэг манай улсын хувьд зудын эрсдэл үргэлж хажууд байдаг.
БАРИМТ 16
Монгол орны нутаг дэвсгэрт зудын давтамж харилцан адилгүй байх бөгөөд сүүлийн 60 гаруй жилийн 40 жилд нь их, бага хэмжээтэй зуд тохиолдож байсан.
БАРИМТ 17
Статистик судалгаанаас үзэхэд тохиолдож буй зудын улмаас жилд дунджаар 206 мянган толгой мал хорогдсон байна.
БАРИМТ 18
1944 оны зуд 150 хоног үргэлжилж 8.1 сая толгой мал буюу нийт малын 33 хувь нь хорогдож байжээ.
БАРИМТ 19
Эндээс дүгнэвэл Монгол орны экспортын орлогын 10 орчим хувийг бүрдүүлдэг мал аж ахуйн салбарт зудын эрсдэл маш их хохирлыг учруулдаг байна.
БАРИМТ 20
Зуд бол хэзээ ч тохиолдож болох байгалийн гамшигт үзэгдэл билээ.
БАРИМТ 21
Гагцхүү уг эрсдэлийг хохирол багатай даван гарах нь чухал юм. Энэ гамшигт үзэгдлийг хохирол багатай даван гарах арга бол өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах гэдгийг Монголчууд бид олон жилийн туршлагаар мэдэх билээ.
БАРИМТ 22
Малчин иргэд өмч хөрөнгөө зудын эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамгаалахын тулд урин дулаан байна гэж хойш тавилгүй өвлийн бэлтгэлээ эрт, сайтар хангаж, өвөлжөө малын хэвтрийг дулаан, хуурай байлгаж, түлэх түлшээ хангалттай нөөцөлж, айл хөрштэйгээ холбоо барих бүх бэлтгэлээ хийж, цас цэвэрлэх багаж хэрэгслийг бэлтгэх хэрэгтэй.
БАРИМТ 23
Монгол улсын зудад өртөмтгий байдлын нэг том шалтгаан нь улс даяар бэлчээрийн мал аж ахуйг голлон эрхэлдэг явдал юм.
БАРИМТ 24
Малчдын зудыг даван туулах чадварыг сайжруулахын тулд байгаль цаг уурын нөхцөлд тохирсон зудад тэсвэртэй малыг түлхүү үржүүлэх, эрчимжсэн болон фермерийн мал аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай байна.
Сэтгэгдэл (7)