Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оны “Монголд зочлох” жил болгох зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулахад хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн билээ. Тодруулбал, Засгийн газраас 55 тэрбум төгрөгийг аялал жуулчлалыг дэмжихэд хуваарилж, мөн 2024 оны улсын төсөвт 3.1 тэрбум төгрөгийн татаасыг аялал жуулчлалын компаниудад олгохоор суулгасан байна.
Манай улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 12 банк аялал жуулчлалын компаниудын үйл ажиллагааг дэмжих хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлжээ. Нэр бүхий 12 банк аялал жуулчлалыг дэмжих зээлийг 2-3 жилийн хугацаатай олгох бөгөөд нэг зээлдэгчдэд хамгийн ихдээ нэг тэрбум төгрөгийн зээл олгох юм байна. Хүүгийн хувьд арилжааны зээлийн хүүгээс 5-6 хувиар бага байх юм. Зээлд хамрагдах хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжүүд дараах үндсэн шаардлагуудыг хангасан байх ёстой.
Үүнд:
-Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх.
-Монгол Улсын нутаг дэвсгэрт 12 сараас доошгүй хугацаанд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгж байх.
-Аялал жуулчлалын зориулалттай барилга, байгууламж барих, өргөтгөх, жуулчны бааз, амралт сувиллын дэд бүтцийг сайжруулах зориулалтаар хүсэлт гаргасан зээл хүсэгч нь өөрийн эзэмшлийн өмчлөх, эзэмших эрхтэй газартай байх.
-Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжил эзэмшсэн, нэг ба түүнээс дээш жил ажилласан таван тооны ажилтантай байх.
-Банкны шалгуур болох санхүүгийн харьцаануудыг зохих түвшинд хангасан байх.
-Банкны шаардлага хангахуйц барьцаа хөрөнгөтэй байх.
-Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх.
-Банк болон ББСБ-аас авсан зээл нь муу ангилалд ангилагдсан түүхгүй байх.
Сэтгэгдэл (2)