Улаанбаатар хотын уугуул С.Баяр хэмээх Төрийн сайд, УИХ-ын гишүүн хамгийн сүүлд Элчин сайд байсан нэгэн хүний амьдрал, намтрыг өгүүлэх 24 баримтыг бэлтгэлээ. Байсан гэдэг нь тэрбээр өөрийн хүсэлтээр Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын албан тушаалаасаа татгалзаад байгаа юм.
Тэрбээр төрийн өндөр дээд албан тушаалаас татгалзаж буй нь анхны тохиолдол биш. 2009 онд Ерөнхий сайдын албан тушаалаас өөрийн хүслээр татгалзаж байсан удаатай. Эрүүл мэндийн шалтгааны улмаас хэмээн Ерөнхий сайдын суудлыг өгчихөөд Төрийн ордноос гарч одсон удаатай.
Төрийн өндөр дээд албан тушаалаас хоёр дахь удаагаа татгалзаж буй түүний гэр бүлийн төдийгүй улс төрийн амьдрал нь дардан бус байсныг эрхэм уншигч та эндээс харах биз ээ.
Баримт 1. Монгол улсын 25 дахь ерөнхий сайд Санжаагийн Баяр нь 1956 оны арванхоёрдугаар сарын 24-нд Улаанбаатар хотод мэндэлжээ. Түүний ээж нь биологийн ухааны доктор, Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн А.Дулмаа гуай юм.
Баримт 2. С.Баяр 1973 онд Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн 10 жилийн 3-р дунд сургууль, 1978 онд Москвагийн улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн багын орос хэлтэй. Мөн англи хэлтэй нэгэн.
Баримт 3. Багадаа дэггүй, зодоонч хүүхэд байсан гэдгийг С.Баярын үеийнхэн нь ярьдаг бөгөөд 40 мянгатаар зодоон хийгээд явдаг атаман байлаа хэмээн хуучилдаг.
Баримт 4. Ээж А.Дулмаа нь “Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төв”-ийг байгуулсан бөгөөд насаараа энэ үйлсэд зүтгэжээ. Ээж нь ийнхүү загас өсгөж байхад хүү нь загас барих хоббитой байдаг хэмээн С.Баяр ярьдаг байна.
Баримт 5. Орос-школтой түүний ажил мэргэжил Төрийн захиргааны байгууллагад мэргэжилтэн болсноор эхэлжээ. Цаашид зааварлагч, Жанжин штабт офицер, МОНЦАМЭ агентлагийн “Монголий-Новости” сонины сэтгүүлч, редактораар ажиллаж байв.
Баримт 6. 1988 оноос улс төрийн амьдрал нь одоогийн МАН-тай холбогдсон бөгөөд Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хороон дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Элчин сайдаар тус тус ажиллаж байлаа.
Баримт 7. 2007 онд МАХН-ын 27-р их хурлаар “Намаа шинэчлэх, боловсон хүчинд анхаарах, дотоод ардчилалтай болгох” зэрэг шинэ зарчмуудыг гарган тавьж С.Баяр намын дарга болж, Ерөнхий сайдаар томилогдов.
Баримт 8. 2008 оны УИХ-ын сонгуульд намаа манлайлан оролцож парламентад олонх болж чадсан бөгөөд 2008 оны есдүгээр сарын 11-нд Ерөнхий сайдаар улиран сонгогдож байв. Түүнийг Монгол улсын түүхэнд ерөнхий сайдаар завсаргүй улиран сонгогдсон анхны хүн хэмээдэг.
Баримт 9. Гэсэн ч тэрбээр бүрэн эрхээ дуусгаагүй бөгөөд нийтдээ 23 сарын турш Засгийн газрын тэргүүнээр ажиллажээ. Энэ хугацаанд зургаан жил дуншсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, “Төрийн таван төгөлдөршил”, Тавантолгойг “Энержи Ресурс”-д өгөх, “Атрын аян 3”, Уран ашиглалтын эрх зүйн орчинг бүрдүүлэх гээд цөөнгүй ажил эхлүүлж, гүйцэтгэжээ.
Баримт 10. С.Баярыг ерөнхий сайд байх үед буюу 2008 оны долдугаар сарын 1-нд УИХ-ын парламентын сонгуулийн дүнтэй холбогдуулан үймээн дэгдсэн. Энэ өдөр Монгол улс түүхэндээ анх удаа онц байдал тогтоож, үймээний улмаас 5 хүний амь нас эрсэдсэн явдал тохиож байсан билээ.
Баримт 11. Элэгний өвчний улмаас Засгийн тэргүүний ажлаасаа чөлөөлөгдөж, 2008 онд АНУ-д элэг шилжүүлэн суулгуулах мэс засал хийлгэсэн. Түүний дараа 2012 онд зүрхний титэм судсанд төмөр цагариг суулгуулж, өргөсгүүлэх мэс засал хийлгэсэн юм.
Баримт 12. Эмчилгээ хийлгэх үеэр түүний УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болж, дараагийн сонгууль эхэлсэн юм. Гэвч түүний нэрийг МАН-ын удирдлагууд дэвшүүлээгүй. Үүний шалтгааныг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхтэй холбоотой хэмээн таамаглж байсан юм.
Баримт 13. Гэхдээ С.Баяр өөрийгөө Ерөнхийлөгч болох одонд төрөөгүй хүн гэдгээ мэднэ хэмээн хоёр ч удаа ярьсан. Ингэхдээ “Наад зах нь төрийн тэргүүн ганц бие байж болохгүй байх” хэмээн тайлбарлаж байжээ.
Баримт 14. Тэрбээр хоёр ч удаа гэр бүл зохиосон боловч салсан. Дөрвөн охины эцэг болох С.Баяр том охиноосоо төрсөн хүү Нацагийг өөрийн нэрээр овоглож явдаг.
Баримт 15. Анхны эхнэр нь О.Гэрэлтуяа, дараагийн эхнэр нь Х.Хулан юм. Мөн мисс Г.Оюунгэрэлтэй нэр холбогдож хэвлэл мэдээллээр шуугиулж байсан бол сүүлийн үед АНУ-д байхдаа Э.Сувд гэдэг залуу бүсгүйтэй дотносож, хосууд хэнз үртэй болсон юм. Хэвлэл мэдээллийнхэн түүний эхнэрийг Ариунсувд гэдэг хэмээн бичиж байсан ч "Түүний гэргийг Эрдэнэбилэгийн Сувд гэдэг" тухай Их Британий албан ёсны эх сурвалж мэдээлсэн юм. Учир нь тэрбээр Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдаар томилогдсоныхоо дараа эхнэрийн хамт Хатан xаан II Элизабетэд Бүкенгемийн ордонд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.
Баримт 16. 25 дахь Ерөнхий сайд маань хамгийн сүүлийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн гэсэн машингүй, адуу малгүй, ямар нэг лицензгүй гэж тайлагнажээ. Гэхдээ тэрбээр Сансар кабелийн ТВ-ийн үүсгэн байгуулагч, “Палас” ХХК-ий хувьцаа эзэмшигч гэнэ. Энэ нь өөрт нь хангалттай байдаг тухай ч нэгэн удаа ярьж байсан билээ.
Баримт 17. Гэхдээ АНУ-д гурван ч том хаус, өргөөтэй гэх мэдээлэл бий. Үүнийг УИХ-ын гишүүн Г.Уянга дэлгэснээр түүний "нуусан" хөрөнгө ил болсон гэдэг. УИХ-ын гишүүнээр дөнгөж сонгогдох үедээ орлогоо 5.3 сая төгрөгийн хөрөнгө мэдүүлж байжээ. Гэтэл Ерөнхий сайдын албыг хашаад жил гаруй болсны дараа өнөөх хөрөнгө нь 20 дахин өсөөд 109 195 000 төгрөгт хүрчихсэн байсан нь олон хүний гайхаш төрүүлсэн юм.
Баримт 18. Ерөнхий сайд байх богино хугацаандаа хийсэн олон том ажлынх нь дундаас Ураны ашиглалт, хадгалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх ажил олон сэтгүүлчдийн анхаарлын бай болдог. Цөмийн эрчим хүчний тухай хуулийг яаран батлуулж, Орос, Япон, Франц зэрэг цөмийн энергийн том төлөөлөл улстай ойр ойрхон гэрээ хэлцэл, уулзалт хийж явсан нь дээрх гэнэтийн их хөрөнгийн эх үүсвэр байж болох тухай сэтгүүлчид хардсан байдаг.
Баримт 19. С.Баяр гэр болон ажлын өрөөгөө зөөлөн өнгөтэй зурагнуудаар чимэглэх дуртай. Ялангуяа монгол зураачдын бүтээлийг илүү сонгодог аж. Зураг уншиж, мэддэг хүмүүсийн хажууд энгийн сонирхогч гэж өөрийгөө хэлэх ч өөрийнхөө хэмжээнд зураг ойлгож, тайлбарладаг нэгэн.
Баримт 20. Оюутан, залуу байхдаа Beatles, Bee Gees, монгол, орос дууг пянзаар сонсдог байсан бол хожим нь CD-г цуглуулдаг болоод байжээ. Харин Ерөнхий сайд байхад охид нь 30 GB багтаамжтай iPod бэлэглэснээр дээрх дискнүүд ч хэрэгцээнээс нь гарсан гэдэг.
Баримт 21. Тэрбээр амьдралаа ихэд зарчимч байдлаар авч явахыг хичээдэг байна. Тухайлбал улс төрд “Асуугаагүй бол бүү зөвлө”, “Эрх мэдлийг хариуцлага дагах ёстой” зэрэг зарчмыг эрхэмлэдэг аж.
Баримт 22. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлыг тэрбээр зохион байгуулалттай гэж үздэг бөгөөд ажлаа хийснийхээ төлөө цагдаа хариуцлага хүлээх, түүний дээрх ерөнхий сайд буруутах ёсгүй гэж үзэж байгаагаа цөөнгүй ярилцлагандаа дурджээ.
Баримт 23. Мөн олон нийтийн шүүмжлэлд өртдөг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг ч сайн болсон гэх бөгөөд дараах тайлбарыг хэлж байжээ. “Нэг, хоёр тэрбум ам.долларт шийдэж болох Оюутолгойн асуудлыг олон жил хүлээлгэснээс болж 4, 5 тэрбумаас доошгүй болгосон байна. Энэ гэрээ сайн болсон, улс төрийн болоод бусад бүх хариуцлагыг бид хүлээхэд бэлэн” гэж мэдэгдэж байжээ.
Баримт 24. Тэрбээр Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хийж байх хугацаандаа багагүй хэл аманд өртсөн. АНУ-д 7 хаустай, оффшор данстай гээд л. Тиймдээ ч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болсон даруйдаа С.Баярыг эгүүлэн татах хүсэлтээ УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлсэн. Харамсалтай нь түүний албан тушаал монгол төрийг удирдан жолоодогчдын дунд “хэрүүлийн алим тарьж” нэг хэсэгтээ л ордныг үймүүлсэн. Гэхдээ тэрбээр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзсан. “Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч өмнөх томилгоог цуцлахыг УИХ-тай зөвшилцөхөөр албан бичгээр ханджээ. Энэ нь тэнд хэн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаагаас үл хамааран Элчин сайдыг томилдог Монгол төрийн нэг инситуцээс татгалзаж байгаа хэрэг юм. Иймд Элчин сайдын албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлж өгнө” гэсэн утга агуулгатай хүсэлтийг Монгол Улсын Гадаад харилцааны яаманд хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл (252)