"Гэгээн хайрын баяр"-ыг угтан яруу найрагт хайртай хэн бүхэнд зориулсан "ДЭНДҮҮ ХАЙРТАЙДАА" яруу найргийн чөлөөт уншлага өнөөдөр буюу хоёрдугаар сарын 13-ны 18.00 цагт УИД-ийн 7 давхар, "NewYork Empire" ресторанд эхлэнэ.
Арга хэмжээнд Монголын зохиолчдын эвлэлийн болон “Алтан-Өд” шагналт зохиолч, яруу найрагч, СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн багш Ойдовын Содномпил, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжин нар хүндэт зочноор уригдан өөрсдийн шүлгээс унших юм.
Тэдгээрээс гадна Болор цомын эзэн яруу найрагч Б.Жамбалдорж, С.Начин нарын тэргүүтэй 14 залуу уран бүтээлч шүлэг, яруу найргаа толиулуулна. Тэгвэл бид та бүхэнд энэ өдрийн хамгийн том, хүндэт зочин яруу найрагч О.Содномпилын таван шүлгийг онцолж байна.
<3<3<3<3<3<3<3<3<3<3<3<3<3<3<3<3<3<3<3<3<3<3<3<3<3<3<3<3<3<3<3<3<3<3<3<3
Өнгийг нь үзэв үү?
Үзлээ
Мөнгийг нь үрэв үү?
Үрлээ
Хүнийг танив уу?
Танилаа
Одоо яамаар байна?
Зугтмаар байна!!!
***
АЯАРХАН ХАЙР
Аяархан,
чамдаа хэлсэн үг минь
Амьдралд бас аяархан байсан уу?
Зөөлхөн хонгор салхин
Зориг муутайхан хүссэн хайрыг минь
Зөндөөн олон хүнд хэлчихсэн юм биш байгаа
Хурим хэзээ вэ? гэж
Хүссэн ч юм шиг
Хүлээсэн ч юм шиг
Хүмүүс асуух боллоо.
Хоёр биений маань хэрэг биш байж шүү дээ.
Тэр цаг
Чи биднээс холдсоор...
Чиний тухай шүлэг
Миний сэтгэлд олдсоор...
Шүлгэнд минь л үлдэх гэж
Чи минь
Олдсон юм уу?
Одсон юм уу?
Аяархан чамдаа илчилсэн хайр минь
Амьдралд бас аяархан байсан уу?
Анхны хайр минь
Аяархан хайр минь.
***
Хөшөө
Хүрэл биетэй
Хүрэл нулимстай
Хүрэл зүрхтэй
Энэ хүн цагтаа
Эр хүн байсан юм
Хөшөө гэдэг
Өшөө мэт.
***
Эрт урьд цагт
Гоо сайхнаас илүүтэй
Ашиг хонжоог бодсон
Гоомойхон үед амьд яваа даа
Гомдох шигээ
Гунигийг минь тайлах гэж
Бүсгүй иржээ.
Шулам гэдгийг би яаж мэдэх юм
Гунигийг минь тайлах гэж
Дарс авч иржээ
Хор гэдгийг би яаж мэдэх юм
Бүсгүйг бүсгүй
Дарсыг дарс гэж
Эцгийн минь үед нэрлэдэг байсан
Эртээ урьд цагт...
***
Маэстро Шнитке
Ёслолын хар хувцас
Эрвээхэй зангиа зүүсэн Пьетро Арженто
Найрал хөгжмийн өмнө намбатайхан зогсож байхад
Зүүд зэрэглээ мэт туранхай эр
Уртын урт хар ороолтоор
Урт нарийн хүзүүгээ ороож
Өөрийгөө дүүжлэх мэт зогсоно.
Сэтгэл хөрөөдөх мэт
Хяхтанасан дуу тасалдан тасалдан
Хүний амь тавихын өмнөх аялгуу мэт санагдана
Ийм орон зай цаг хугацаа байсныг
Энэ л аялгуунаас сонсоод
Хүмүүст би жигтэйхэн гомдлоо.
Маэстро Шнитке...
Л.Сайнаа