БАРИМТ 1
Түүний төрсөн нутаг бол бөхийн өлгий гэгддэг Архангай аймгийн Батцэнгэл сум билээ.
БАРИМТ 2
Тэрбээр 1993 оны дөрөвдүгээр сарын 07-нд мэндэлсэн. Өдгөө 31 настай.
БАРИМТ 3
Японы мэргэжлийн сүмогийн "Минато" дэвжээнд харьяалагддаг.
БАРИМТ 4
Түүний биеийн өндөр 192 см, биеийн жин 200 кг ажээ.
БАРИМТ 5
Багаасаа адуу малтай ноцолдож, хүнд хүчир хөдөлмөр хийж ирсэн нь түүнийг өсгөлүүн сайхан бие бялдартай болгоход нөлөөлжээ.
БАРИМТ 6
Батцэнгэлийнхэн угаас том биетэй хүмүүс байдаг. Тухайлбал, Дархан аварга Г.Өсөхбаяр, заан Д.Хишигдорж, харцага Б.Жавхлантөгс нарыг нэрлэж болно.
БАРИМТ 7
Түүний эцэг, эх малчин удамтай хүмүүс учраас Ичинноров сүмогийн ертөнцөд анх “Малчин сүмоч” хэмээх нэрээрээ алдаршсан юм.
БАРИМТ 8
Тэрбээр 2010 онд жүдоч болохоор Японы Тоттари мужийн ахлах сургуульд элсэн оржээ. Гэвч тус сургуулийн сүмогийн дасгалжуулагч үлэмж биет хүүг сүмогоор барилдахыг ятгаж чадсан аж.
БАРИМТ 9
Сонирхогчийн сүмогоор хичээллэж эхэлсэн гурван жилийн хугацаанд тэрбээр таван ч тэмцээнд түрүүлж, 2013 онд Бүх Японы аварга болж, сонирхогчийн сүмогийн ёкозүна цол хүртжээ. Дээрх амжилтаараа мэргэжилд шууд макүшита зиндааны 15-аас барилдах эрхтэй болсон гэдэг. Өмнө нь сонирхогчдын сүмод гадаадын ямар ч бөх ийм амжилт үзүүлж байгаагүй гэдэг.
БАРИМТ 10
Ичиножёо А.Ичинноров нь дээд зиндаанд нийт 55 башёд барилдахдаа 408 удаа давж, 328 удаа унасан үзүүлэлттэй.
БАРИМТ 11
Ийнхүү 2014 оны нэгдүгээр сард А.Ичинноров “Минато” дэвжээний нэрийн өмнөөс Ичиножёо Такаши хэмээх нэрээр барилдахаар болжээ. Ичиножёо гэдэг нь гайхалтай авьяас билэгтэй гэсэн утгатай үг аж.
БАРИМТ 12
Сүмогийн хамгийн хүнд хэцүү зиндаа гэгддэг макүшитад түрүүлэхэд түүнд ердөө хоёрхон башё шаардагдсан бөгөөд 2014 оны тавдугаар сард нь жюүрёод дэвшин барилдаад анхны башёдоо 11-4 амжилтаар аваргалжээ. Түүнтэй ижил 11 даваатай дөрвөн бөх гарсан бөгөөд Ичиножёо нэмэлт барилдаанд өнөөх дөрвөн өрсөлдөгчөө бүгдийг нь цувруулан хаяж түрүүлсэн юм. Гэвч энэ ялалт нь дээд зиндаанд дэвшихэд хангалтгүй байлаа. Улмаар долдугаар сарын тэмцээнд жюүрёогийн 3-аас босч барилдсан Ичиножёо 13 давж, намрын тэмцээнд макүүчи зиндаанд барилдах эрхийг авсан гэдэг.
БАРИМТ 13
Улмаар тэр даруй 2014 оны есдүгээр сарын Аки башёд дээд зиндаанд анхлан барилдахдаа шууд л 13 даваа авч, олны анхаарлын төвд ирсэн. Тэгэхдээ тэр ёкозүна Какүрюүг унагааж олныг гайхшруулсан. Тус башёд их аварга Хакохо М.Даваажаргал түрүүлсэн байдаг.
БАРИМТ 14
Хэрэв тэр уг башёд түрүүлсэн бол 1914 оны тавдугаар сарын тэмцээнд “Дэваноүми” дэвжээний сүмоч Риогокү дээд зиндаанд анх удаагаа барилдаад түрүүлсэн амжилтыг давтах байв.
БАРИМТ 15
2022 оны 12 дугаар сард тэрбээр Минато оякатагийнхаа гэргийд гар хүрсэн гэх хэргээр шүүгдсэн. Харин Сүмогийн холбоо түүнд шийтгэл оногдуулаагүй юм.
БАРИМТ 16
Дээд зиндаанд цахиур хагалж, олонд танигдсан А.Ичинноров 2022 оны долдугаар сарын Нагоя башёд хамгийн анх түрүүлсэн. Архангай нутгийн хүү Ичиножёо тэр өдөр 12 даваатай түрүүлж, Японы эзэн хааны цомыг хүртсэн 8 дахь монгол сумоч болсон юм.
БАРИМТ 17
Батцэнгэл нутгийн хүү зодог тайлах хүртлээ Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд нэг, жюүрёод хоёр түрүүлснээс гадна тусгай шагналыг дөрвөн удаа хүртсэн юм.
БАРИМТ 18
Ирээдүйн озэки, ёкозүна гэгдэж байсан тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сард нурууны бэртлийн улмаас гэнэт зодог тайлах шийдвэр гаргасан нь сүмо сонирхогчдыг цочроосон.
БАРИМТ 19
Түүний энэ шийдвэрээс болж багш нь тангараг тасарсан бөгөөд зодог тайлах ёслолд Минато ояката болон тус дэвжээнээс нэг ч хүн ирээгүй аж.
БАРИМТ 20
Ичиножёогийн үсэнд 400 хүн хайч хүргэсэн, Монголоос аав ээж, дүү нар нь ирж, монгол сүмочид олноор цугларсан байна.
БАРИМТ 21
Хамгийн сүүлд ояката нь хайчлах ёстой магэ үсийг энэ удаад “Тоттори Жёохокү” сургуульд анх сүмо заасан багш Ишиүра нь гүйцэтгэжээ.
БАРИМТ 22
Ичиножёо нулимс асгаруулан “Янз бүрийн бодол толгойд орж ирээд тэссэнгүй уйллаа” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Зодог тайлах шийдвэрээсээ хойш есөн сар өнгөрч байгаа ч магэ үсээ авхуулах хүртэл дараагийн амьдралаа бодох зав байгаагүй гэнэ.
БАРИМТ 23
Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд есөн жил хүч үзсэн тэрбээр ганцхан түрүүлсэн нь 2022 он. Тэгэхдээ монголчуудын 95 дахь түрүүг хүртэж, монгол бөхчүүдийн Нагоя башёгийн 18 дахь түрүүг мөн баталсан.
БАРИМТ 24
Түүний хувьд хамгийн дээд цол нь сэкивакэ. Ташрамд дуулгахад, Ичиножёо А.Ичиноровыг зодог тайлах болсныг зөвхөн нурууны архаг өвчнөөс болоогүй, өөр шалтгаан гэх яриа ч бий. Өөрөөр хэлбэл, түүнийг багштайгаа тааруу харилцаатай, багшийнхаа эхнэрт гар хүрсэн гэх зэргээс болж, шахаанд орсон гэх нэгэн ч бас байна. Ямартай ч өнгөрсөн жил Ичиножёог хөл хорионы үед дэглэм зөрчсөн хэргээр барилдах эрхийг нь хасаж, шийтгэсэн билээ.
Сэтгэгдэл (20)