БАРИМТ 1
Жүжигчин Д.Баттөмөр Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод төрж, нутагтаа 10 жилээ төгсчээ.
БАРИМТ 2
Эцэг эхээс арвуулаа бөгөөд айлын бага хүү аж.
БАРИМТ 3
Аав нь багад нь бурхан болчихсон болохоор ээж болон олон ах, эгч нартаа эрхлэн өссөн гэнэ. Бүр тавдугаар анги хүртлээ ээжийнхээ өвөрт унтдаг байжээ.
БАРИМТ 4
Дээрээс нь дархан эрхтэй, гэрийн ажил хийнэ гэж мэддэг ч үгүй байсан гэнэ. Усанд явахаар ээж нь хараад "Хэн чамайг усанд яв гээв. Наад хоёр гар чинь суначихна. Боль" хэмээн болиулдаг байж. Харин хожим ах, эгч нарыгаа амьдрал зохиогоод тусдаа гараад явсан хойно өнөөх "цагаан гартай" хүүхэд усанд явж, түлээ модоо бэлтгэж эр хүний хийх ёстой ажлуудыг хийж сурчээ.
БАРИМТ 5
Ээж минь “За чи хүнд муу санаж болохгүй, сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй, хүүхдээрээ зантай байх ёстой” гэж байнга захидаг байсан. Энэ хүний үгээр л амьдралд тэмцэж явна хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 6
Хэдийгээр хүүхэд байхаасаа жүжигчний мэргэжлийг сонгоно хэмээн боддог байсан ч гэрийнхэн нь бүгд хуулийн байгууллагад ажилладаг учраас өөрийгөө цагдаа болно хэмээн боддог байжээ. Гэтэл театрын найруулагч Г.Баатар “Жүжигчний хуваарь ирж байна. Чи очиж шалгалт өгөх үү” гэснээр СУИС-д очиж шалгуулаад тэнцэж байсан байна.
БАРИМТ 7
Сургуулиа төгсөөд анх “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдэлд жүжигчнээр хоёр жил ажиллажээ. Дараа нь “Харцага” кино урлагийн дээд сургуульд багшилж байсан гэдэг.
БАРИМТ 8
Жүжигчин болох нууцхан хүсэл нь түүнийг “X-түц” хамтлагийн жүжигчин Аглуу, Онон хоёртой уулзуулснаар “Х-түц” хамтлагийн жүжигчин болсон түүхтэй.
БАРИМТ 9
Бэрд гурван хүсэл биелүүлье гэвэл “Ээждээ мөнхийн рашаан уулгах, сонгосон мэргэжлээрээ амжилтад хүрэх, элбэг, дэлбэг сайхан амьдрах юмсан гэж хэлнэ хэмээн ярьдаг байжээ.
БАРИМТ 10
Тэрээр “Рашаантын 18”, “Миний хөрш чөтгөр”, “Учиртай гурван толгой”, “Болсон явдал” зэрэг олон арван кино, жүжигт туслах болон гол дүр бүтээж олны хайрыг татсан.
БАРИМТ 11
Х-Түцээс ажлын гараагаа эхэлсэн Батаа удалгүй Мөрөөдлийн театрт нэгдэж, олон тайзны уран бүтээл, "Ээжийн дайсан", "Микроны босс" зэрэг цуврал бүтээлүүдэд дүрээ мөнхөлжээ.
БАРИМТ 12
Тэрбээр “Миний хөрш чөтгөр” кинонд “тийм үү, мөн үү” гэх үгийг хэлдэг нь нэгэн хэсэгтээ мода болж байв.
БАРИМТ 13
Нэгэн үе зогсоо зайгүй зурагтаар гарч, рекламанд тоглох болсон түүнийг “Рекламны мангас” хэмээн нэрлээд байсан.
БАРИМТ 14
Харин дараа нь хочийг нь сольж “Банш Батаа” болгосон. Энэ талаар "Миний бүтээсэн нэг дүр л дээ. "Х Түц" хамтлагтаа байхад телевизийн хошин шог тавьсан юм. Яагаав Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг том эгч нь болоод бөөрний өвчин тусдаг нэг номер байдаг юм. Тэрэн дээр Нарансолонго бид хоёр эхнэр нөхөр болоод гэртээ банш хийж "Мянган нэрийн барааны дэлгүүр" дээр зардаг. Тэр дүрийг бүтээснээс хойш л хүмүүс "банш" Батаа гэх болсон. Дүр бүтээгээд, тэр нь хүмүүст хүрээд түүгээр маань намайг хочилж байгаа болохоор сайхан л байдаг юм. Ерөөсөө жүжигчин хүн гэдэг чинь бүтээсэн дүрээрээ олонд дуудуулах чинь сайхан шүү дээ. Одоо ч цол л авах үлдээ шив дээ" хэмээн ярьж байв.
БАРИМТ 15
Батаа 2012 оны хоёрдугаар сарын 29-нд “Болсон явдал” киноныхоо нээлт дээр СТА цол тэмдэгээр шагнуулсан юм.
БАРИМТ 16
"Рекламны мангас" гэгддэг байхдаа тэрбээр нэг рекламанд 2-3 сая төгрөгийн ханштай тоглодог.
БАРИМТ 17
Реклам, кино, жүжигт тоглож, өөрийгөө мундаг жүжигчин болохыг харуулсан тэрээр мөн чамгүй дуучин гэдгээ ч харуулаад авсан. Залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулж, хайр дурлалын бэлгэдэл болсон “Рашаантын 18” киноныхоо дууг тэрээр өөрөө дуулсан билээ.
БАРИМТ 18
Би Балган шиг аймаар дурласан. Түүн шиг хайр дурлалынхаа төлөө юу хийхээс буцахгүй байж үзсэн. Мэдээж би гэлтгүй хүн бүр л Балган шиг дурлах байх хэмээн ярьдаг тэрээр эхнэртэйгээ танилцсан түүх нь сонин. Нэгэн удаа цайны газар ортол сул суудал байгаагүй учраас ганцаараа нэг ширээнд сууж буй бүсгүйн өөдөөс нь харж суусан гэдэг. Гэтэл өөртэй нь усны дусал шиг адилхан бүсгүй яг л толинд харж байгаа мэт санагдсан. Тэр цаг мөчөөс эхлэн Батааг хайр сэтгэлтэйгээ учирсан гэдэг. Түүнийг эхнэртэйгээ усны дусал шиг адилхан хэмээн хүмүүс ярьдаг.
БАРИМТ 19
Тэрбээр 2012 онд эхнэр хүүхдийн хамт “Алтай констракшн”-ийн байранд амьдардаг. Уг байрыг “Х-түц” хамтлагийн жүжигчин Аглуу, Онон нар ярилцаж байгаад зах зээлийн ханшаас хэдэн хувь доогуур үнээр буюу 70 сая төгрөгөөр “Модны хоёр”-т авч өгчээ. Харин тэр байр авсныхаа дараа ааш зан нь өдрөөс өдөрт өөрчлөгдсөөр хамтлагаасаа гарсан гэдэг. Мөн жүжигчин Ононд гадуурхагдсаар байгаад гарсан ч хэмээн хэвлэлээр цацагдаж байв. Харин энэ бүхнийг жүжигчин Онон, Батаа нар эрс үгүйсгэж байлаа.
БАРИМТ 20
Гэвч түүний мөрөөдөл хошин урлагийн хамтлаг бус харин өөрийн гэсэн театр байгуулах хүсэл гэнэ. Тиймээс “Мөрөөдлийн театр”-ыг сонгосон гэдэг.
БАРИМТ 21
Одоо бол "3 сая инээд" хөтлөхөө болиод, хошин урлагт үзэгдэхээ байгаад, найруулагч болсон. "Таарсан хоёр" зэрэг уран бүтээлд хүч сойсон Батаа өнгөрсөн онд "Трио" нэртэй уран бүтээлээр дэлхийд өрсөлдөх болсныг бид мэднэ.
БАРИМТ 22
Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан "Трио" уран сайхны кино АНУ-д зохион байгуулж байгаа "Free Speech Film" олон улсын кино наадмаас 19 дэх шагналаа хүлээн авсан. Наадамд долоон тивийн 48 орны хүний эрхийн чиглэлээр хийсэн кино бүтээлүүдтэй өрсөлдөж шилдэг зургаан киноны нэгээр шалгарсан байна. "Трио" уран сайхны кино 2023 оны хоёрдугаар сарын 24-нд Монгол дахь нээлтээ хийсэн. Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл гэсэн том сэдвүүдийг энэ кинонд хөндсөн.
БАРИМТ 23
Уг уран бүтээл гадаадын кино наадмуудад амжилттай байсан ч дотооддоо нээлтээ хийснээсээ хойш чимээ намжсан. Хүмүүс уг киног "Сайн биш" гэцгээсэн.
БАРИМТ 24
Түүнийг МУГЖ болно гэхэд олон нийт ихэд эсэргүүцэж байв.
Сэтгэгдэл (8)