Монголын Үндэсний музейгээс сар шинийн баярт зориулсан “Монгол цагаан сар” тусгай үзэсгэлэнг олны хүртээл болгох гэж байна. Энэ сарын 7-нд нээлтээ хийх тус үзэсгэлэнд уламжлалт сав суулга, тоглоом наадгай, бурхан тахилын зүйлс, гоёл чимэглэл 100 гаруй үзмэрийг дэлгэнэ.
Эртний монголчууд Хүннү гүрний үед идээ ундаа элбэг намрын сарыг “Сүүн сар” хэмээн нэрлэж, шинэ жилийн баяраа тэмдэглэдэг байсан тухай мэдээ буй. Тэгвэл XIII зуунаас эхлэн Чингис хаан цагаан сарыг төр түмний нэгдсэн их баяр болгон, хаврын урь орж, өлзий учралт барс сар гарах цагаар өтгөс буурлуудад хувь хүртээж, Есөн хөлт цагаан тугаа тахин, Их хуралдай хуралдуулах болсноос үүдэн харьяат аймгуудын олон ноёд, түшмэд ирж хааны амгаланг эрдэг ёсон тогтсон ажээ. Энэ тухай Марко Поло “Татаарын ёсонд шинэ он хоёрдугаар сард эхэлдэг. Тэд заншил ёсоор эрэгтэй, эмэгтэй ялгалгүй чадах чинээгээрээ цагаан хувцас өмсдөг” хэмээн тэмдэглэжээ.
XVII зууны үед Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон түүхтэй бөгөөд өдгөө хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн аж. “Монгол цагаан сар” үзэсгэлэнгээр монголчуудын уламжлалт зан үйл, шүтлэг бишрэл, идээ ундааны соёл, мэндлэх хүндлэх ёсон, уламжлалт тоглоом наадгай зэрэг олон зан үйлийг залуу хойч үедээ таниулах, түгээн дэлгэрүүлэх, Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалж буй үе үеийн урчуудын бүтээсэн өв соёлыг сурталчлах, үзмэрийн хийц, үүрэг, зориулалтын талаар таниулах юм байна.