АНУ-ын Калифорни мужид 11 сая гаруй хүн үерийн аюулд өртөх өндөр эрсдэлтэй байна. Лос Анжелес орчмын зарим хэсэгт мягмар гараг гэхэд их хэмжээний бороо орох төлөвтэй байгаа тухай анхааруулах мэдээлэл муж улсад түгшүүр болоод буй.
Калифорни даяар 900 мянга хүн үер, хүчтэй салхины улмаас цахилгаангүй болжээ. Албаныхан ойрын жил тохиогоогүй аймшигтай цаг агаарын нөхцөл байдалд бэлэн байхыг анхааруулж, үерийн аюулаас сэрэмжлүүлжээ.
Калифорни муж даяар 40 сая орчим хүн үерийн аюулд ороод байгаа бөгөөд найман мужид онц байдал зарлаж, зарим газарт нүүлгэн шилжүүлэлт хийж байна. Шуурганы хүч 65-85 миль/цаг, өндөрлөг газруудад 90 миль/цаг хүртэл салхи шуургатай байгаа юм.
Л.Сайнаа