Австралийн зохиолч Ян Хэнжүн БНХАУ-д тагнуул хийсэн хэргээр баривчлагдаад таван жилийн хугацаа өнгөрчээ. Улмаар өнөөдөр БНХАУ-аас түүнд хийсэн үйлдлийнх нь төлөө цаазаар авах ял оноожээ. Гэвч давж заалдах нөхцөлтэй гэнэ. Өөрөөр хэлбэл түүний цаазын ялыг давж заалдсаны дараагаар бүх насаар нь хорих ял болгох боломжтой ажээ.
Хятадад төрсөн Австралийн иргэн, ардчиллын төлөө тэмцэгч Ян Хэнжүнд Бээжингийн шүүх даваа гарагт ял оноолоо гэж Вонг мэдэгдэлдээ дурджээ. Тэрбээр "Хэрэв тухайн хүн хоёр жилийн хугацаанд ямар нэгэн ноцтой гэмт хэрэг үйлдээгүй тохиолдолд хоёр жилийн дараа бүх насаар нь хорих ял болгон сольдог гэж бид ойлгож байна" гэжээ.
Ян 2019 онд Хятадад ар гэрийнхэнтэйгээ нь уулзах үеэр саатуулагдсан юм. Түүнийг тагнуул хийсэн хэргээр буруутгасан. Бээжингийн шүүх түүний шүүх хурлыг 2021 онд нууцаар явуулсан ч шийдвэр нь удаа дараа хойшлогдоод буй.
Л.Сайнаа