Технологийн тэрбумтан Элон Маск өөрийн "Neuralink" компани утасгүй тархины чипийнхээ нэгийг анх удаа хүнд суулгасан гэж мэдэгдэв. Эхний үр дүнд нейроны огцом өсөлт, мэдрэлийн импульс илэрсэн ч тухайн хүний биеийн байдал сайн байгаа гэж тэр хэлэв.
Компанийн зорилго нь хүний тархийг компьютерт холбож, мэдрэлийн нарийн төвөгтэй өвчнийг эмчлэхэд тусаа өгнө хэмээж буй. Хэд хэдэн өрсөлдөгч компаниуд ижил төстэй төхөөрөмжийг бүтээсэн.
Маскийн компанид чипийг хүн дээр турших зөвшөөрлийг өнгөрсөн тавдугаар сард FDA-ээс олгосон нь зөвшөөрөл авахын төлөөх тэмцлийн оргил үе байлаа.
Энэ нь ерөнхийдөө хөдөлгөөнийг зохицуулдаг тархины хэсэгт хүний үснээс нимгэн 64 уян утасыг мэс заслын аргаар робот ашиглан байршуулах үйл явц юм. Үүнийг утасгүй цэнэглэх боломжтой, батерейгаар ажилладаг гэх мэдээлэл бий. Туршилтын суулгац нь тархины дохиог бичиж, тухайн хүн хэрхэн хөдлөхийг зорьж буйг тайлах програм руу утасгүй дамжуулах боломжийг олгодог гэж тус компани мэдэгдэв.
Маск өөрийн эзэмшдэг X дээр нийтлэхдээ, Neuralink-ийн анхны бүтээгдэхүүнийг "Telepathy" гэж нэрлэх тухай мэдэгджээ. Түүний хэлснээр телепати нь "гар утас, компьютер зэргийг бодлоороо удирдах" боломжийг олгоно.
Л.Сайнаа