Шинжээчид өмнө нь эмэгтэй хүн Хойд Солонгосыг удирдах боломжгүй гэж үздэг байв. Гэвч олон нийтийн өмнө цөөнгүй харагдах болсон Ким Жу Аэ дэлхийн цорын ганц коммунист гүрний сонгогдсон өв залгамжлагч гэдгийг нотлох баримт улам бүр нэмэгдсээр байна.
Ким Жу Аэ анх 2022 оны арваннэгдүгээр сард өөрийн аав Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны хамтаар пуужин хөөргөх үеэр олны өмнө гарч ирсэн. Тухайн үед ес орчим настай байсан тэрбээр шинжээчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татсан юм. Гэвч эр ёс давамгайлсан дэглэмтэй засаглалын дараагийн залгамж мөн эсэх болон түүний ирээдүйн үүргийн талаар бага зэрэг маргаан дэгдэж байв.
2023 оны хоёрдугаар сар гэхэд Ким Жу Аэ эцгийгээ дагалдан таван арга хэмжээнд оролцсон ч түүнийг тусгаарлагдсан, ядуу буурай үндэстний өв залгамжлагч гэж үзэх боломжгүй гэдэгтэй дэлхий нийт санал нэгтэв. Хойд Солонгосын Күнзийн үнэлэмжийн систем нь эмэгтэй хүний удирдах ёсонд саад болдог. Энэ практикт цэргийнхэн эмэгтэй хүнээс тушаал авдаггүй гэсэн үг.
Гэвч 12 дугаар сарын 06-нд Өмнөд Солонгосын Нэгдлийн сайд Ким Юн Хо хэвлэл мэдээллийн хэрэгслээр БНАСАУ-ын удирдагч төрсөн охиноо залгамжлагчаа болгоно гэх утга бүхий зүйл хэлсэн нь олны дундах маргаанд эргэлт авчирсан. Охины нялх насыг үл харгалзан олны анхаарлын төвд авчирсан нь Ким Чен Уны эртнээс таниулах гэсэн бодолтой шууд холбоотой байж мэдэх аж.
Сайдын дүгнэлтийг Өмнөдийн Үндэсний тагнуулын алба ч баталж, дэлхийн томоохон мэдээллийн хэрэгслүүдээр энэ тухай цацаад буй.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)