Их Британид электрон тамхи татдаг залуучуудын тоо хурдацтай нэмэгдэж байгаатай хоблогдуулан үүнтэй тэмцэх төлөвлөгөөний хүрээнд хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авах гэж байна. Мөн хүүхдэд тамхи зарахаас урьдчилан сэргийлэх, насанд хүрээгүй хүмүүсийн борлуулалтад чиглэсэн арга хэмжээг танилцуулах ажээ.
Буяны байгууллагын тоо баримтаас харахад өнөөдрийн байдлаар тус улсад 11-17 насны хүүхдүүдийн 7.6 хувь нь электрон тамхи хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Уг тоо 2020 онд 4.1 хувь байв. Энэхүү хоригийг Их Британи даяар нэвтрүүлэх төлөвтэй байна.
Ерөнхий сайд Риши Сунак даваа гарагт сургуульд зочлох үеэрээ төлөвлөгөөгөө тайлбарлах гэнэ. Тэрбээр "Эцэг эх, багш нарын мэдэж байгаачлан, одоогийн байдлаар хамгийн их санаа зовоож буй чиг хандлагын нэг бол хүүхдүүдийн дундах тамхидалт юм. Тийм учраас бид эрт дээр нь арга хэмжээ авах ёстой" гэж мэдэгдэлдээ дурджээ.
Энэ нь 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүмүүст тамхи худалдахыг хориглосон тухай өнгөрсөн жил зарласан "Тамхигүй үе"-ийг бий болгох оролдлогын нэг хэсэг юм.
18-аас доош насны хүүхдэд тамхи худалдах нь хууль бус явдал хэдий ч засгийн газар нэг удаагийн вапинг буюу дахин цэнэглэхээс илүү жижиг, илүү өнгөлөг савлагаатай зарагддаг нь электрон тамхийг залуучуудын тамхи татах явдалд түлхэц болж байна гэж засгийн газар мэдэгдэв. Хориг хэзээ хэрэгжих нь одоогоор тодорхойгүй байгаа ч байгаль орчныг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомжийг ашиглан хоригийг оруулж ирж магадгүй юм.
Сэтгэгдэл (3)