Өнгөрсөн онд Европт улаанбурханы өвчлөл 45 дахин нэмэгдсэн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдэв. Өвчлөл нэмэгдсээр байгаа бөгөөд цаашид тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг мөн анхааруулж байна.
2022 онд нийт тив даяар 941 хүн халдвар авсан бол 2023 онд энэ тоо 42 мянгад хүрсэн аж. ДЭМБ энэ нь Ковид тахлын үед цөөн хүүхэд уг өвчний эсрэг вакцинд хамрагдсантай холбоотой гэж үзэж байна.Их Британийн эрүүл мэндийн албаныхан өнгөрсөн долоо хоногт Баруун Мидлендэд гарсан гоц халдварт улаанбурхан өвчний дэгдэлт вакцинжуулалт багатай бусад хотуудад хурдан тархаж болзошгүй гэж мэдэгдэв.
Английн NHS-ийн мэдээлснээр 16-аас доош насны 3.4 сая гаруй хүүхэд уг өвчний вакцинжуулалтад хамрагдаагүй тул хурдан өвчлөх магадлалтай байгаа гэв.
Ийм учир тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагчидтай холбогдож, хүүхдүүдээ улаанбурхан өвчний эсрэг вакцинд бүрэн хамруулахыг уриалж байна. Улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний эсрэг вакциныг хоёр тунгаар хийдэг. Эхнийх нь нэг нас орчим, хоёр дахь нь хүүхэд гурван нас дөрвөн сартай байх үед хийдэг ажээ.
Вакцин нь улаанбурхан өвчнөөс хамгаалах өндөр үр дүнтэй арга боловч Их Британи даяар бага сургуульд сурч буй хүүхдүүдийн 85 хувь нь л хоёр удаагийн вакцинд хамрагдсан байдаг.
Л.Сайнаа