Бид та бүхэнд эхээс төрөөд өөр өөр гэр бүлд зарагдаж, амьдрал нь салсан ч эргээд нэгнээ олж чадсан ихрүүдийн ГАЙХАЛТАЙ түүхийг хүргэж байна.
Нэгдүгээр хэсэг
Эми, Ано хоёр ихрүүд боловч төрснийхөө дараахан ээжээсээ салж, өөр гэр бүлд зарагджээ. Олон жилийн дараа тэд телевизийн "Авьяаслаг Гүржүүд шоу" болон TikTok видеоны ачаар, санамсаргүй нэгнээ олсон нь та бидний амьдралаас төдийлөн хараад байхгүй үйл явдал билээ. Тэд өнгөрсөн түүхээ судалж, Гүржийн эмнэлгүүдээс хулгайлагдаж, зарагдсан олон мянган нялх хүүхдийн нэг гэдгээ олж мэдсэн.
Эми Лейпциг дэх зочид буудлын өрөөнд холхино. Тэр "Би айж байна, үнэхээр айж байна. Би бүтэн долоо хоног унтаагүй. Энэ бол эцэст нь бидэнд юу тохиолдсон талаарх зарим асуултын хариултыг олж авах боломж юм" гэж сандарсан байдалтай хэлэв.
Түүний ихэр эгч Ано нь харин түшлэгтэй сандал дээр суугаад утсан дээрээ TikTok видео үзэж байна. Тэр ч мөн сандарсан байдалтай, гэхдээ ууртай байлаа. Энэ бол урт аялалын төгсгөл юм. Тэд найдлага тээн Гүржээс Герман руу аялж, эцэст нь төрсөн ээжтэйгээ уулзахаар хүлээж буй нь энэ.
Сүүлийн хоёр жил тэдний хувьд хүнд өнгөрсөн. Тэд өөрсдийн амьдралын үнэнг ирэлхийлж байхдаа Гүржид тэдний адил худалдагдсан олон мянган хүмүүс байгааг мэдсэн. Хэргийг цагдаагийн байгууллага шалгасан ч хариуцлага хүлээлгэх нэгнийг олоогүй.
Эми, Ано хоёр бие биенээ олж мэдсэн түүх тэднийг 12 настай байхад эхэлсэн. Эми Квитиа Хар тэнгисийн ойролцоох загалмайлсан эхийнхээ гэрт өөрийн дуртай "Georgia's Got Talent" телевизийн нэвтрүүлгийг үзэж байв. Зурагтан дотор яг өөртэй нь адилхан нэг охин бүжиглэж байгааг харсан тэр мөч бол түүний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн цаг хугацаа байлаа. Ихрүүд хоорондоо усны дусал шиг адилхан.
Эми "Тэр үед бүгд л ээж рүү утасдаж, яагаад Эми өөр нэрээр бүжиглэж байгаа юм бэ? гэж асуусан" хэмээв. Эми энэ тухай гэр бүлийнхэндээ хэлсэн ч тэд бодлыг нь няцааж, ээж нь "Хүн болгонд адилхан төрхтэй хувилбар байдаг" гэжээ. Ингээд Эми ээжийнхээ үгэнд итгээд өнгөрсөн гэдэг.
Долоон жилийн дараа буюу 2021 оны арваннэгдүгээр сард Эми хөмсгөө цоолж буй бичлэгээ ТикТок-т нийтэлжээ. Уг бичлэгийг Ано Сартаниагийн найз нь түүнд илгээжээ. Тэр өөртэй адилхан харагдаж байгаад нь мөн гайхсан байна. Ано хөмсгөө цоолуулсан охиныг онлайнаар хайж олохыг оролдсон боловч хэцүү байлаа. Улмаар тэр бичлэгийг их сургуулийн WhatsApp группт хуваалцаж, хэн нэгэн тусалж чадах эсэхийг асуужээ. Азаар Эмиг таньдаг хүн уг мессежийг хараад фэйсбүүкээр холбогджээ.
Эми Ано бол олон жилийн өмнө "Georgia's Got Talent" шоунаас харж байсан охин гэдгийг шууд мэдсэн. "Би чамайг маш удаан хайсан!" гэж тэр зурвас илгээв. "Би ч гэсэн" гэж Ано хариулжээ. Дараагийн хэдэн өдөр тэд хоорондоо нийтлэг зүйл их байгааг олж мэдсэн ч энэ бүхэн утга учиртай байсангүй.
Тэд хоёул Гүржийн баруун хэсэгт орших Кирцхи амаржих газарт төрсөн боловч төрсний гэрчилгээн дээрх өдрүүд нь хоёр долоо хоногийн зөрүүтэй байв. Охид эгч дүүс, тэр ч байтугай ихрүүд байх боломжгүй гэж бодсон ч ижил төстэй зүйл хэтэрхий олон байлаа. Тэд ижил хөгжимд дуртай, хоёулаа бүжиглэх дуртай, бүр ижил үсний засалттай байсан. Тэд ижил удамшлын өвчин буюу дисплази хэмээх ясны эмгэгтэй болохоо олж мэдсэн.
Тэд уулзахаар тохиролцож, долоо хоногийн дараа Гүржийн Тбилис хотын Руставели метроны буудлын урсдаг шатан дээр тэд биесээ анх удаа харав...
Үргэлжлэл хоёрдугаар хэсгийг та ЭНД дарж уншаарай.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)