Санхүүгийн зохицуулах хорооны Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувь байхаар тогтоолоо.
Тус зээлийн хүүгийн дээд хэмжээ, зээл, барьцаа, батлан даалтын гэрээний ерөнхий загвар, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг энэ оны гуравдугаар сарын нэгний өдрөөс дагаж мөрдөх юм.
Манай орны хувьд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа нь тодорхой зохицуулалтгүй, салбарын нэгдсэн тоо баримт, бүртгэлгүй байсан нь хүү их тогтоох, алданги торгууль давхардуулан тооцох зэрэг хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн сөрөг үр дагавруудыг үүсгэсэн тул УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг 2022 онд баталсан.
Хууль нь барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хянах, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээл, түүний хүүг төлөх, мөнгөн зээлийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах харилцааг зохицуулдаг.
Мөн мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, зохицуулах, холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулахаар Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд орон тооны бус Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл байгуулжээ. Тус зөвлөл нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээл, барьцаа, батлан даалтын гэрээний ерөнхий загвар, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг батлах чиг үүргийг хүлээгээд байгаа билээ.
Улс орнууд хүүгийн дээд хязгаарыг тогтоох нь хэрэглэгчийг хүүгийн хэт их төлбөр, өрийн дарамтад орохоос сэргийлэх, хүртээмжтэй зээлийн үйлчилгээ, санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох, эдийн засгийн бүтээмжийг нэмэх зэрэг ач холбогдолтой гэж үзэн мөнгөн зээлийн үйл ажиллагаандаа зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох, хууль батлах замаар нарийн зохицуулалтууд хийх бодлогыг барьж байна. Энэ нь хэрэглэгчийн мэдээлэлд суурилсан илүү оновчтой шийдвэр гаргахад мөн эдийн засагт эерэг нөлөөлдөг аж.
Сэтгэгдэл (2)